АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖО БАЙДЕН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ЗАХИДАЛ ИЛГЭЭВ

0

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан захидал илгээжээ.

Сар шинийн баярын өмнө ирсэн уг захидлын эхэнд АНУ нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг хэмээн тэмдэглэжээ.

Захидалд “…Бид ирээдүйгээ төсөөлөхдөө Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахинаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэгш өсөлтийг хангахад нэн чухал түнш орон гэж үзэж байгаагаа илэрхийлье” хэмээн онцолсон байна.

Түүнчлэн Монгол Улс нь 20 гаруй жилийн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж ирсэнд талархаж, “…Монгол цэргийн албан хаагчид олон улсад мэргэжлийн энхийг сахиулагчид, дайчид гэдгээрээ нэр хүндтэй болсон бөгөөд энэхүү хамтын ажиллагаагаа хамтарсан цэргийн сургууль хийх зэргээр цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээжээ.

Монгол цэргийн албан хаагчид мэргэжлийн энхийг сахиулагчид, дайчид гэдгээрээ олон улсад нэр хүндтэй болсон бөгөөд энэхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна.

Мөн “АНУ-ын зүгээс Монгол Улсад 1 сая гаруй тун Файзер вакцин тусламжаар олгож, цар тахалтай тэмцэх Монгол Улсын чадавхийг дэмжих ажлын хүрээнд амьсгалын аппарат, нэг удаагийн хувийн хамгаалалтын өмсгөл хандивлах, сэхээн амьдруулах болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж олон нийттэй харилцах сургалт явуулах зэргээр нийт 8 сая гаруй ам.долларын өртөг бүхий тусламжийг үзүүлсэндээ баяртай байдаг” гэжээ.

Харин Монгол Улсын зүгээс АНУ-ын ард иргэдэд цар тахлын үед хамгаалалтын хэрэгсэл тусламжаар өгсөнд Америкийн ард түмэн талархаж байгааг илэрхийлж, эдгээр нь КОВИД-19 цар тахлын улмаас ихээхэн хэмжээний хохирол үзсэн Аризона муж дахь Навахо омгийн иргэдэд ач тустай зүйл болсон гэдгийг дурджээ.

АНУ-ын Энхтайвны корпусын 1500 орчим сайн дурын ажилтан Монгол Улсад ажилласан юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн захидалд энэхүү хөтөлбөрийг ойрын хугацаанд сэргээх болно гэдгийг илэрхийлжээ.

Захидлын төгсгөлд, “Манай хоёр улсын дипломат харилцааны чухал мөчийг тэмдэглэж буй энэ үед бидний хамтын ололт, амжилтыг эргэн харахад сэтгэл хангалуун байна. Ирэх он жилүүдэд бидний харилцааг улам бүр бэхжүүлэх болно гэдэгт итгэл төгс байна” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?