Атаархал

0

Ард түмний төлөө гэсэн ерөнхий уриатай хоосон амлагч популистууд золиос нэхэн түүнийхээ мөнхийн манаач болж хүний бүтээн босгосон гийгүүлэнд цээжээ дэлбэртэл, тархиа задартал атаархаж байгаа нь эмгэнэлтэй

 

Саран гийж, наран манддаг дэлхий дээр сайн хүн нь муугаасаа хавьгүй олон…

Сайн сайхан, саруул тунгалгыг бүүдийлгэдэг мунхгууд тэр л сайхан бүхэнд чирэгдэн, нөмөрт нь хоргодож амьдрахчаан болж бээнэ.

Тийм хүмүүс л зөвийг буруугаар, үнэнийг худлаар сольж бахаа ханган, сайхныг муухайгаар будаж, атаа жөтөө хорон бодолдоо ээрэгдэн араатны инстикттэй болдог.

Татвар төлөгчдийн саналаар сонгогдчихоод төрийн сэнтийгээр хөлжин эргээд тэднийг шулж байдаг шимэгчид л хүнийг, бизнес эрхлэгчдийг ялгаварлан гадуурхаж, хэрүүл хов хутгаж, хүний мууд дурлаж, атаа жөтөө өрдөж, өрдсөн хорондоо өөрсдөө түлэгдэж тэр гэхийн тэмдэггүй тархины тураалд орж байгаа нь харамсаад баршгүй…

Өөртөө ямар ч үнэ цэнэ өгдөггүй хүн л атаархал гээч тамын ёроолд унадаг.

Бэрхшээлийг бахархал болгон хувиргадаг, эгэлгүйгээ мэддэг, энгүй уужим сэтгэдэг, бүтээлч хүн атаархлыг мэддэг ч үгүй, тоох ч үгүй, жаахан гайхасхийгээд өнгөрөөнө.

Ард түмний төлөө гэсэн ерөнхий уриатай хоосон амлагч популистууд золиос нэхэн түүнийхээ мөнхийн манаач болж хүний бүтээн босгосон гийгүүлэнд цээжээ дэлбэртэл, тархиа задартал атаархаж байгаа нь эмгэнэлтэй.

Хамтач үзэлтнүүдийн дунд өрнөдөг нялуун авир бол атаа жөтөөний үндэс юм билээ. Албан тушаал, эрх мэдлийн төлөөх алалдаан, хөрөнгө мөнгөний төлөөх луйвар бол атаа жөтөөний түйрэн. Харин бусдаас онцгой гэдгээ мэддэг хүн ийм түйрэнд өртөхгүй, хийдгээ хийгээд, өөрийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, чадварынхаа ирээр хурцлагдан дотоод ертөнцийнхөө хурд оюун санаагаа хослуулан хөгждөг жамтай…

Ухаантай гэж өөрсдийгөө андуурсан үзэл санаагүйн төөрөгдөл л чөлөөт бүтээлч өрсөлдөөнд чөдөр ногт зангидаж, хүний эрхийг өмчийн эрхтэй хамт туших нь хуарганасан социалист атаа хорслын үүсгэл болой.

Хүн хүн л юм бол гуч, жар, ерэн жилийн өмнөхөө санагалзан, атаархалд нэрвэгдэлгүйгээр элдэв донтлоосоо татгалзаж, ядаж өнөөдөртөө дүгнэлт хийж, зах зээлийн жам ёсны өрсөлдөөнийг өрнүүлж, хөгжлийн зөв тогтолцоо руу зоримог, тууштай шийдэл хийх хэрэгтэй байна.

Сэтгэхгүй, бүтээхгүй хүний өмнөөс амьдардаг хүн л аюултай хийгээд өрөвдөлтэй. Энэ хавьд л атаархал арвалзан тийчлэж эзнээ мэрнэ. Ийм хүмүүс нэг нь нийтийн төлөө нийт нь нэгний төлөө гэх урианд их дуртай. Хамтач үзлийн ширэнгэнд л атаа үржиж, жөтөө зузаарч бүр халдвар тарааж сэтгэлгээг төөрөгдүүлдэг хорлонтой.

Өөрөөрөө бахархдаггүй хүн царай төрхөө хүртэл бусадтай харьцуулж тамаа иддэг.

Улс төрд, урлагт, сургууль соёлд, сүм хийдэд ялангуяа төрийнхөнд ялгаварлан гадуурхах үзэл их түгдэг учир атаархалд угаартан хордоно. Хордсоноо мэддэггүй нь харамсалтай.

Чөлөөт өрсөлдөөний үйл явцад харилцан хүндлэлцэл, соёл, ёс жудаг улам бэхждэг. Тийм учраас аливаа ажил үйлс сайн дурын үндсэн дээр үр хөврөл нь төлжиж, илүү бүтээмжтэй болж ашгийн үүд нээж, идэвхтэй үр дүнтэй үйлсээр үргэлжлэнэ. Улс төрийн арилжаачид үзэл санаагаа улам л социализмын бурангуй сүүдэрт хашиж атаа хорслоор барьцалдсаар аливаа хөгжилд саад болно.

Сайтар эргэцүүлэн зөв гарц олж, уужуу өгөөмөр сэтгэж, хариуцлагатай байж чаддаг, эрсдлээс халширдаггүй зоримог шийдэл гаргаж, ашгийн төлөө явдаг, өөрийгөө бодож, хийсэн бүтээснээрээ бахархаж, хэлсэн ярьсандаа яв цав байдаг хүн хөгжлийн түүчээ болдог. Харамсалтай нь тэдний зиндаанд хүрдэггүйчүүд л атаа хорслын хор нэрдэг бололтой.

Манай улс төрчдийн атаа жөтөөний нян сонгууль дөхөхөөр оволзож эхэллээ.

Зоригийн хэрэг, Оюу толгой төсөл, бас бус үйлдлүүдэд атаа хорсол нь улам үржиж газар авлаа. Сонгууль ойртох тоолонд л улс төрчдийн өшөө хорсол сагаж исдэг. Бие биенээ үгүйсгэхийн туйлд хүрнэ. Энэ буруу үйл Монгол хүн болгоноос хол байгаасай.

Олон мянган хүн ажил амьдралаа залгуулж байгаа, говийнхныг соёлжуулж, өөгшүүлж буй Оюу толгой төслийг зогсооно гэж зүхэх нь тэр олон хүнд атаархсан арчаагүй бас бүтэшгүй санаархал шүү!

Харин энэ төсөл хөрөнгө оруулагч талд ч, манайд ч харилцан ашигтай ёс жудагтайгаар хаа хаанаа гэрээ хэлэлцээрээ бодитой голч хандлагатайгаар сайжруулж, үр өгөөжтэй шийдэлд хүрэх нь хамгийн чухал.

Сэтгэл хөдлөл, тэнэглэл хоёртоо ууршиж аль ч улсын хөрөнгө оруулалтыг үргээж хэрхэвч болохгүй…

Хөрөнгө оруулалтыг татах эерэг хандлагатай байж гэмээнэ зүйд нийцнэ: – Эргэж буцахгүй үнэнд барилдлагатай эмх цэгцтэй бодлого ус агаар шиг хэрэгтэй байна шүү гэж бодно, би…

Хүн төрөлхтний төрөлхийн гажиг бол “атаархал”. Үүнээс ангид байх боломж хүн бүхэнд бий юм шүү. Эерүү сайхан бодол, ууч сэтгэл санаа, сүнсээ үргэлж эрчимтэй байлгаж, мэдлэг боловсролоороо тэнүүн том үнэ цэнийг дөвийлгөх уужуу сэдэл маш хэрэгтэй гэж нотод үзнэ, би…

Хов зөөж хор буцалгаж, атаархах, жөтөөрхөх нүгэл хэдэн зууныг элээх юм бол доо…

Үг зөөж, өс зузаалсан хорлонтой гамшигт дээр дооргүй их өртөмтгий болж уураг тархиа гашилган, зүдэж суух шиг там алга гэж сэжиглэнэ, би…

Энэ тамаас салах энгийн үйлдэл нь:

Нэгт: Чөлөөт өрсөлдөөн ил тод үнэн зөв мэдээлэл, байгаагаараа байх араншин, өөрийгөө бодох ариун чанар.

Хоёрт: Хүний цүнх барьж, өлмий дээрээ гүйж бөхөлзөх биш өөрийнхөө цүнхийг зузаалж, эрх чөлөөтэй, толгой өндөр, хараа цэх хэний ч хараат бус байх үйлс…

Гуравт: Хүнийг шулахгүй, бусдад дээрэмдүүлэхгүй харилцан ашигтай, соёлтой гэрээ хэлэлцээр.

Хаа хаанаа хохиролгүй, золиосгүй, тунгалаг байх сайн сайхантай эн зэрэгцэх чөлөөт өрсөлдөөнийг сонгохын оронд түүнийг яаж хөнөөх вэ гэж зүдрэх нь хоцрогдлын нэг сэжим.

Агуу үйлс бүтээгчдийг хараад арчаагүй юм аа би яагаад? гэж бухимдах биш, хүний хийж чадаж байгааг би ч бүтээж болно гэж өөртөө итгэж, урагш тэмүүлэх нь хүнийг сайн үйлс сэдэхэд тулгуур болно. Ийнхүү хэтийдсэн холыг харах нь өөдлөхийн эхлэл.

Төрийг өөрийнхөө мөнхийн диваажин гэж андуурч, сонгогчдыг үргэлж мунхагаар тооцдог улс төрчид атаархах торондоо орооцолдон, мөхөж байгаагаа ч мэдэх сөхөөгүй бие биетэйгээ арсалдсаар… эвдрэлцсээр… хагаралдсаар…Он жилүүд улирсаар.

Дэлхийг ноолж амьдардаг хүн төрөлхтний атаархал гэгч гай үргэлж эмгэнэл далладаг. Манай төр социализм руу ухарч дарангуйлалд санаархаад байх шиг?!? Энэ чинь бүтэхгүй…! Ерэн оны гавьяа үүнд л байгаа юм. Сана… бод…мэд…

Үзэл санаагүй, чиг зорилгогүй, бодит үнэнээс зугтаадаг, зохиомол ааш авиртай, хиймэл мэдлэгтэй сэхээтнүүдийн санаачлага удирдлага хяналтан дор хөдөлдөг нийгэм бол социализм мөнөөс мөн.

Гучин жилийн өмнөх цагаан морин жил би бээр:

– Мэдэхгүй байж мэдэмгийрэх өвчин, чадахгүй байж чадахын дон битгий тусчихаарай миний нөхөд гэж хэлж байж билээ. Тэгтэл миний нөхөд социализм гэдэг хагархай дугуйтай тэрэг хөлөглөн давхилдсаар, замхарсаар, бүдгэрч бүүдийсээр…

Ер нь хүн болоогүй хүн их эрх мэдэлтэй болохын хэрээр ухамсартай “араатан”төрхөнд хувирдаг юм байна.

Боловсролтой, боловсролгүй, мэдлэгтэй, мэдлэггүй, соёлтой, соёлгүй, энэ социалист “араатнууд” атаа нэрж, бие бие рүүгээ цацаж, зөвлөхүүд нь ховлох, хорлох ажилд гаршиж, үнэн болоод бодит хандлагыг ямх ямхаар үхүүлж байна. Эсөгснийг авахын шунал, идэж шамшигдуулахын гаж дон, авьяасгүй нь авьяастантайгаа цанхаалах цалам, дутуу нь илүүгээ хөнөөх хорлолоос ангижрах нь зөв зүй тогтол болой.

Саран гийж, наран манддаг дэлхий дээр сайн хүн нь муугаасаа хавьгүй олон болог!

2019 оны 12-р сарын 22

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй