БШУЯ: ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛЫГ БЭЛДЭХ БАГШ НАРЫГ ШИНЭЭР СОНГОЖ СЭДЭВ ДААЛГАВРЫГ БЭЛТГҮҮЛНЭ

0

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын дунд хүртэл хойшлуулах шийдвэр гаргаснаа мэдээллээ. Тэрбээр халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дээрх шийдвэрийг гаргаж буйгаа илэрхийлсэн юм.

Тэгвэл шалгалтын материалыг нууцлалын өндөр зэрэглэлд утасны сүлжээгүй газар бэлтгэдэг багш нарын баг хэрхэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Шинэбаяраас тодруулахад, “Шалгалтын материалыг бэлдсэн өмнөх багш нарын баг гэрээний дагуу долдугаар сарын 4-нд нууцлалын бүсээс гарч гэр гэртээ очно. Шалгалтын сэдэв даалгаврыг өндөр нууцлалын зэрэгт бэлтгүүлэх үүрэгтэй байдаг учраас наймдугаар сард болох шалгалтын материалыг бэлдэх багш нарын багийг шинээр сонгож шалгалтын сэдэв даалгаврыг бэлтгүүлнэ” гэв.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:  “ЭЕШ долдугаар сарын 1-4-ний хооронд товлогдсон. Энэ жил нийт 40420 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулахаар шийдвэрлэж байна. Тодруулбал, наймдугаар сарын 2 дугаар долоо хоног хүртэл хойшлуулж байна. Учир нь халдварын тархалт нэмэгдэж, шалгалтад орох 1500 гаруй хүүхэд халдвар авсан, нэгдүгээр хавьтагч болсон байгаа.

Мөн элсэлтийн шалгалтыг зохион байгуулдаг 9620 багш байдаг. Үүнээс тодорхой багш нар нь вирус авч, өдөр тутамд энэ тоо нэмэгдэж байна. Түүнчлэн Улаанбаатар хотоос орон нутагт очих ёстой 66 багшийн 10 гаруй нь халдвар авч, шалгалт зохион байгуулах боломжгүй болж байна.

Хамгийн гол нь хөдөө орон нутгаас шалгалтад оролцох ёстой 7600 орчим хүүхэд бий. Гэтэл өнөөдөр 9 аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хөдөлгөөнөө хаасан байгаа. Тиймээс эдгээр хүүхдүүд хөл хорионд орсон байгаа. Энэ мэт шалтгаанаас болж, шалгалтыг хойшлуулж байна.

Шалгалтыг наймдугаар сарын яг хэдэнд авахаа долдугаар сарын 10-нд эцэслэн зарлана.

Элсэлтийн Ерөнхий шалгалтыг хойшлууллаа гээд сурагчдын их дээд сургуульд орох, бүртгүүлэх асуудалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Үүнийг их дээд сургуулийн захирлуудтай ярьж тохирсон. Наймдугаар сарын дунд үеэр шалгалтаа өгөөд, 9 сарын 1 гэхэд сургуульдаа орсон байх болно” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй