Газар хөдлөлтийн үед хамгийн түрүүнд хийх алхмууд

0

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн хагарлуудын дагуу бүртгэгдэж буй газар хөдлөлтийн тоо, мөн хүчний хэмжээ ихсэж, давтамж нь ойртож байгаа талаар эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Тиймээс газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах тухай мэдээллийг хүргэж байна.

Газар доор болон гадарга дээр их хэмжээний чичирхийлэлт болж, хүчтэй үйлчлэлийн улмаас газрын гадаргад ан цав бий болохыг газар хөдлөлт гэдэг.

Газар хөдлөлтийн шинж тэмдгүүд:

  • Байшин донслон хөдлөх
  • Чийдэнгийн бүрхүүл болон өлгөөтэй эд зүйлс савах
  • Шилэн сав суулга харших, дуугарах, хагарч буй шилний чимээ гарах
  • Хүнгэнэсэн дуу ойртох

Хэрвээ ийм шинж тэмдэг мэдрэгдвэл нэн түрүүнд байшин барилгыг яаралтай орхих,  хүмүүсийг гадагш хурдан гаргах эсвэл тасалгааны аюулгүй байрыг эзлэх хэрэгтэй.

Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?

Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

  • Тайван бай, үймж сандрах хэрэггүй
  • Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  • Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
  • Бат бөх ширээн доогуур орох
  • Цонхноос хол байх
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

Газар хөдлөх үед гадаа байгаа бол:

  • Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
  • Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй
  • Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
  • Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
  • Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад  толгойгоо хамгаалах
  • Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
  • Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох.

Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?

  • Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
  • Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
  • Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
  • Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
  • Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
  • Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
  • Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
  • Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
  • Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
  • Гал гаргаж болохгүй
  • Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
  • Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
  • Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
  • Цахилгаанаа яаран бүү залга
  • Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах

 Урьдчилан базаах бэлтгэл:

  • Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах
  • Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх
  • Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг.
  • Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах, байх зэргээр дадлага, сургуулилт хийх
  • Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх
  • Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох
  • Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших
  • Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах
  • Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох
  • Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх
  • Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах
  • Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах
  • Гар чийдэн (нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх
  • Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрын тогтоох
  • Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах
  • Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх

  • Галын хор ашиглаж сурах

Түүнчлэн өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.  Энэ үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй