Д.Амарбаясгалан: Монгол Ардын Нам 2020 онд болох сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна

0
Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультнууд Та бүхэндээ Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Улиран одож буй 2019 он Монгол Ардын Намын хувьд  бодлогын болон үйл ажиллагааны шинэчлэлээ ахиулсан, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө ажилласан, шударга ёсыг сахиулах  улстөрийн шинэчлэлийг урагшлуулсан жил болж өнгөрлөө.
Намын шинэчлэлийн томоохон ажлуудаас дурдвал Удирдах Зөвлөлийн тогтоолоор намын анхан шатны байгууллагын журмыг шинэчлэн баталж, нийслэлийн намын хороонд бүтцийн шинэчлэл хийгдлээ.
Монгол Ардын Намын бодлого, шийдвэр илүү нээлттэй, ил тод, ардчилсан, өргөн хүрээг хамарч, бодлогод суурилсан улс төрийн нам болсон нь 2019 оны онцлох амжилт байв. Намын шаталсан удирдлагын дээрээс доошоо төвлөрсөн бүтцийг доороос дээшээ чиглэлтэй болгон өөрчилсөн нь энэ шинэчлэлийн бодит нэг үр дүн юм.
Түүнчлэн 2019 онд хэрэгжүүлсэн томоохон шинэчлэл бол намын гишүүд, дэмжигчдийн цахим бүртгэлийн системийг амжилттай эхлүүлж, “Цахим нам” боллоо. Технологийн дэвшлийг намын гишүүдийн бүртгэл, тайлагнал, үүрэг, хариуцлагатай уялдуулсан энэхүү системийг улстөрийн намуудаас анх удаа нэвтрүүлснээр ил тод байдал, шударга ёсны үнэлгээ илүү ойлгомжтой, тодорхой болж байгаа юм.
Монгол Ардын Намын дотооддоо хийсэн шинэчлэл, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хийсэн ажлууд  нь ирж буй 2020 онд болох сонгуульд амжилттай оролцох гол нэг түлхүүр болно гэдэгт итгэлтэй байна.
Ирж буй шинэ ондоо бүгдээрээ  амжилт бүтээлээ ахиулж, шинэчлэл, өөрчлөлтөөрөө манлайлж, хамтын хүчээ нэгтгэн шат шатны сонгуулиудад ялалт байгуулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол Улс мандан бадрах болтугай.
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй