Д.ГАНБАТ: ХЯНАЛТГҮЙ ОЛОНХ ЯМАР БАЙДГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДЭРЧ БАЙНА

5

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбаттай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд сөрөг хүчин улс төрийн акц үзүүлж эхэллээ. Төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн шаардлагын талаар ярилцлагаа эхэлье?

-Өнөөдөр улс орны нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Ковидоор нас барагсдын тоо өдөрт 20 шүргэдэг боллоо. Монголчууд цөөхүүлээ. Гэтэл цар тахлаар нэг сумын дайтай хүмүүс нас барчихлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 330 сумын нэг сумынх нь хүн ам үрэгдчихлээ гэсэн үг. Дээрээс нь таван аймгийн хүн амтай тэнцэхээр хэмжээний буюу 300 гаруй мянган хүн ковидоор өвдчихлөө. Хэдийгээр илааршсан ч урхаг илэрч байна. Дэлхий нийтэд энэ өвчнийг амжилттай даван туулж байгаа улс орнууд ч байна, арга хэмжээ авч чадахгүй нь ч бий. Манай улс өнөөдрийн ийм хүнд нөхцөл байдалд хүрэхгүй байх боломж бүрэн байсан. Харамсалтай нь төр засаг ажлаа хийхгүй байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл энэ парламент бүрэлдсэн цагаасаа эхлээд ковидоор шалтаглаад цахим хурал хийж, гишүүдийн үгээ хэлэх эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарласаар ирсэн. Ингээд бүх эрх мэдэл Засгийн газарт шилжсэн шүү дээ. Ерөнхийдөө Засгийн газрын үйл ажиллагаа ямар байгааг цар тахлын нөхцөл байдал бэлхнээ харуулж байна л даа. Үүнийг зарим хүн дарсан тоо ч гэж хэлж байна. Дээрээс нь мэдээлэл хаалттай болсон. Шилэн дансаа хөтлөхгүй байна.

Ард түмний татварын мөнгийг зарцуулж байгаа улсуудад УИХ хяналт тавих эрхээ эдлэхгүй байгаа нь харамсалтай. УИХ зүгээр л нэр төдий болсноос асуудал тартагтаа тултал хүндэрлээ. Тиймээс энэ Засгийн газар бидний хүссэн хэмжээнд ажиллаж чадсангүй. Хариуцлагаа хүлээх ёстой. Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй УИХ өөрөө тарахыг АН-ын бүлэг шаардаж байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ҮАБЗ-өө хуралдуулж Ерөнхийлөгчийнхөө институциэс явуулж байсан алдаатай бодлогууддаа уучлалт гуйх ёстой.

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 200 гаруй хонолоо. Энэ хугацаанд улс орны нийгэм эдийн засгийн амьдралд ийм, ийм ахиц дэвшил гарлаа гээд л ажлаа тайлагнаад байсан шүү дээ…

-МАН засгийн эрхийг барихдаа үеэ сольж чадаж байна гэж сайрхацгаадаг. Тавиад оныхон, жараад оныхон, далаад оныхон засаг барьж байна гээд байдаг хэрнээ шаардлага хангаж ажиллаж чаддаггүй. Авлига, хээл хахууль, төрийн мөнгийг зувчуулсан тэр мөрөө баллаж, олигтойхон ажиллаж чадаагүй балгаа далдлахын тулд дараагийнхаа үед шилжүүлчихдэг. Энэ залуу үеийнхэн нь ёстой үзүүлээд өгөх байх, ард түмний амьдрал нүдэн дээр цэцэглэнэ гэсэн хүлээлтийг өөрсдөө зохиомлоор бий болгодог. Өөрөөр хэлбэл, засаг төрийг энтертайнмент маягаар бариад гаршчихсан. Ийм бүхэл бүтэн үеийг МАН бэлдчихжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ард иргэд ямар их зүйл алдсаныг юугаар ч нөхөж барахгүй. Орон даяар сургуулиудаа хааж, цахим хичээл нэртэй ямар ч үр дүнгүй мөнгө зарсан ажил явуулсан. Харанхуй засгийн үед харанхуй үеийг бий болгох бодлого барьсан. Юу ч болоогүй байхад хатуу хөл хорио тавьчихаад яг асуудал хүндэрчихээд байхад хамаг юмаа задгай орхисон. Тиймээс бид Засгийн газрыг хариуцлагаа хүлээ гэсэн шаардлагыг тавьсан.

Энэ Засгийн газрын хамгийн урхагтай нь шатахууны хомсдол байлаа. Энэ бол асуудал туйлдаа хүрсний илрэл. Цаашид ямар замаар яаж илэрч гарч ирэхийг нь тааварлашгүй. Монгол Улс машинтай болсноос хойш ингэж шатахууны хомсдолд орж байсан түүх байхгүй.

-Ийм цаг үед ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Асуудлыг авч хэлэлцээд, шийдвэрээ гаргаад, Засгийн газрын үйл ажиллагааг хянах эрх мэдлийг ард түмэн УИХ-д өгсөн. Гэтэл энэ парламент нэр төдий болчихсон байдлыг ард түмэн Бид харанхуй төр засгийн үед амьдрач байна гэж ярьж байна шүү дээ. Тэгэхээр ард түмнээс мандатаа аваад сонгогдсон УИХ ажлаа хийхгүй байна. Нэг өдрийн өмнө ч болтугай орж ирээд асуудлаа ярилцмаар байна. Цаашид энэ улсын төсөв, төлөвлөгөө, нийгмийн байдал улам хүнд байдалд орж болзошгүй байна. ДНБ 10-12 тэрбум ам.долларын эдийн засагтай арван жил явсан шүү дээ. Ерөөсөө ахиж дэвжсэнгүй. Гурван хүний нэг нь ядуу байлаа. Энэ халамжийг зогсоох юм бол хоёр хүний нэг нь ядуу болох нь. Ковидын үед хувийн хэвшлийнхэн туйлдаж байна. Ганц нэгхэн уул уурхай юмуу архины үйлдвэр гэх мэт монополь компаниуд үлдээд байгаа. Тэрнээс жижиг дунд үйлдвэрлэгчид, хувийн аж ахуйнууд, дундаж давхарга байхгүй болчихлоо.

-Засгийн газраас их гоё, гоё нэртэй уриа лоозон дэвшүүлээд байна л даа. Халамжаас хөдөлмөр рүү гээд л. Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийн хууль оруулж ирэх гэж байна. Эдгээр хууль батлагдсанаар нийгэмд үзүүлэх үр өгөөж нь ямар байх бол?

-Бусад улс орнуудын жишгийг харахад ковидын дараахь эдийн засаг өсөлттэй гардаг. Мэдээжийн хэрэг хөл хорионы дараа тодорхой хэмжээний өсөлт гарна. Манай улсын тухайд ковидын үеийг аятайхан давах боломжийг Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэс таван толгой гэсэн гурван том төсөл маань олголоо шүү дээ. Уг нь хувийн хэвшлийн компаниудыг зөв залж чиглүүлсэн бол ковидын үеийг бүр ч аятайхан давах байлаа. Гэтэл энэ боломж шавхагдаж байна. Тэр их хөрөнгийг буруу зүйлд зарцууллаа. Хяналтгүй засаг, хяналтгүй олонх ямар байдгийг Монголын ард түмэн сүүлийн хоёр сонгуулиас сайн мэдэрсэн болов уу.

-Ковидоор нас барагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Шадар сайд цар тахлын хуульгүй л бол хүнээ эмчилж чадахгүй гэж чуулганы танхимд үглэн байж сунгасан. Зарим гишүүд Үндсэн хууль зөрчсөн заалтуудтай уг хуулийг эсэргүүцэж байсан ч эрх баригчид баталсан шүү дээ. Харин таны хувьд уг хуулийн үр дүнгийн талаар юу хэлэх вэ?

-Үндсэн хуулиасаа илүү хууль байх ёсгүй л дээ. Гэтэл эрх баригчид зүтгэсээр байгаад Цар тахлын хуулийн үйлчлэх хугацааг сунгасан. Бодит байдал дээр тэгж хэлснээсээ 100 хувь эсрэг байна л даа. Тийм болохоор нэг сумын хүн амтай тэнцэхүйц иргэнээ цар тахлаар алдчихлаа. Таван аймгийн хүн амтай тэнцэх хүнээ ковидоор өвдүүлчихлээ шүү дээ. Дээрээс нь ковидоор дамжуулж хууль бус томилгоонууд хийж, мөнгө их идэж байна. Бүх мэдээллээ дарж байна. Уг нь ковидын хууль хүний эрхийг дээдэлсэн ил тод байх ёстой. Гэтэл дарангуйллын шинжтэй хууль гарсан. Ямар ч чадваргүй, дураараа ажиллаж байгаа Засгийн газрын үйлдлийг шүүмжилсэн хүмүүст заналхийлдэг болсон байна. Жишээлбэл, Андлалын хөшөөг шүүмжилсэн хүмүүсийг Монгол Улсын түүх рүү дайрлаа гэж байсан. Нэг жилд 2.9 тэрбум төгрөгөөр барьчихаад шүүмжлэлд өртөнгүүтээ өдөрт нь нураачихаж байна шүү дээ. Ийм үлгэрийн байж болох уу. Эдний ганц хийсэн сайн ажил нь вакцинжуулалт. Гэхдээ халдвар яагаад ийм их байна вэ. Улсын төсөвт тусгалгүй, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажаагүй вакцин оруулж ирж хийсэн нь үнэн. Яахав, дараа нь тэр вакцин батлагдсан ч эдний үйлдэл хүн ардаа хааш нь, юу руу ч хийчихэж мэдэхээр байгааг харуулаад байна. Хятадаас оруулж ирсэн вакциныхаа хоёр дахь тунг тасалдуулсан. Тэгэхээр вакцины тээвэрлэлт, хадгалалт хамгаалалт дээр алдаа гарсан байх магадлалтай. Тийм болохоор өвчлөл нэмэгдэж байна. Хоёр хөрш маань манай улсын талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа. Мэдээж вакцинаа өгчихөөд хилээ хаагаад байдаг нь ямар нэг асуудалтай болохыг хэлээд байна. Манай нөхдүүд вакциныхаа хадгалалт, тээвэрлэлтийн горимыг зөрчсөн байх гэж үзэх үндэстэй байгаа юм.

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр өнгөрсөн долоо хоногт АНУ-д албан уулзалтуудад оролцоод ирлээ. Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь нэг цаг мөчид нэг оронд ингэж айлчилж байсан тохиолдол байхгүй. Энэ хооронд шатахууны асуудал босч хоёр хөрш маань карантаа хаачихлаа. Олон улсад их гүрнүүдийн харилцаа таагүй байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр зэрэг айлчилсан нь хөршүүдийнхээ дургүйг хүргэчихэв үү гэж харагдахаар. Харин сөрөг хүчний хувьд улс төрийн өнцгөөс нь хэрхэн ажиглав?

-Манай улс гадна, дотны дүгнэлтээр хагас ардчилалтай орны тоонд орсон байна. Цар тахал нүүрлэчихсэн, эдийн засаг нь уналтад орчихсон, улс орны амьдрал өнөө маргаашаа яая даа гэж байхад ҮАБЗ-ийн хоёр гишүүн маань АНУ-д явж таарахгүй. Тохиолдлоор тэр албан айлчлал нь давхацсан байж болох ч өнөөх долоогчид гэдэг гишүүдээ дагуулаад явж байгаа харагдсан. УИХ нь ч хуралдсан юм байхгүй. ҮАБЗ нь ч асуудлыг авч хэлэлцсэн юм байхгүй Төрийн хоёр өндөрлөг ингээд хамт явсан нь зөв зүйтэй алхам биш юм. Өмнө Ерөнхий сайд нь наадмаа хийж чадахгүй байж Токиод оччихсон олимп үзээд сууж байсан. Тэр өндөр ёс зүйтэй орны Ерөнхий сайд нь ард түмнээ хүндэтгээд олимпийн нээлтэд оролцохгүй гэж байхад манай Засгийн газрын тэргүүний байж байгаа царай ийм л өдөр шөнө шиг ялгаатай байна шүү дээ. Намайг хэн хэлэх үү, нохойг хэн саах уу гэсэн маягтай байгаа нь ард түмний бухимдлыг туйлд нь хүргэж байна.

-Шатахуун хомсодсон өдрүүдэд нефть боловсруулах үйлдвэр Монголд ус агаар мэт хэрэгтэйг ойлгууллаа шүү дээ. Олборлосон газрын тосоо хямд үнээр зарчихаад түүнээс хэд дахин өндөр үнээр шатахуун худалдан авдаг манайх шиг орон байна уу?

-Өнгөрсөн өдрүүдэд хойд хөрш маань шатахууныхаа крантыг хаачихсан. Өөрсдөд нь зовлон бэрхшээл тулгарсан л юм шиг ярина лээ. Эсвэл санаатай ч юмуу, санамсаргүй ч юмуу ингэж шатахуун тасалдуулснаас болж ард түмэн олон хоног ажил амьдралаа алдлаа. Мэдээж цар тахлаар өдөрт ийм олон хүн нас барж байхад ажил явдалд явах шатахууныг нь ч өгчихгүй байсан. Нефть боловсруулах үйлдвэр барина гээд л арав гаруй жил ярилаа. 2008 оноос хойш эхэлсэн энэ төсөл өнөөдөр бахь байдгаараа мэлтийж байна. Ашиглалтад өгөх хугацаагаа хоёр, хоёр жилээр сунгаад л яваад байдаг. Мөн тээвэр ложистик хэрхэн яаж ажиллаж байгааг та бүхэн харж л байгаа байх. Урд хөршөөс шатахуун татлаа гэхэд өргөн цариг руу шилжүүлж ачихад өдөрт 480 тн-ыг тээвэрлэх боломжтой гэж байна. Хэрэв шууд олон улсын стандартын нарийн царигтай төмөр замаар нь оруулж ирэх боломжтой байсан бол өнөөдөр шатахууны хувьд нэг орноос хараат байхгүй байлаа.

-Сангийн сайд танхимын гишүүддээ төсвийн талаар танилцуулга хийсэн. АН-ын бүлэг төсөв дээр ямар байр суурьтай байна?

-Төсөв бол маш хүнд байна. Өнгөрсөн жил хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Өнөөгийн байдлын гүйцэтгэлээр нэг их наядын алдагдалтай байна. Улсын төсөв 26 хувиар тасраад байна. Валютын нөөц багасч байгаа. Инфляци 10 хувь хүрэх гэж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан. Өнөөдөр хүмүүс халамжаар хагас өлмөн зөлмөн байдалтай амьдралыг зогоож байна. Ийм хүнд үед шатахуун болон бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэвч нэмж болохгүй. Ковидын хүнд хэцүү үед халамж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ёстой. Зүүний намын гол үзэл баримтлал энэ шүү дээ. Ядаж хүүхдийн мөнгийг нэмдэггүй юм аа гэхэд энэ хэвээр нь ковидыг дуустал хадгалах ёстой. Эрх баригчид дулаан, цахилгаан, түлээ түлшний үнийг ковид дэгдээгүй байхад тэглэж, хөнгөлж, ард иргэддээ халамж өгч дасгасан. Одоо үүнийгээ улам сайжруулах ёстой. Харин дундаас нь идэж үүрэгдүүлсэн хүмүүстээ хариуцлага хүлээлгэх ёстой. Уг нь бид зөв сайн ажилласан бол уул уурхайн супер циклийн үед төсвийн орлогоо нэмэгдүүлж, 20 тэрбумын эдийн засагтай болох бүрэн боломжтой байлаа. Гэтэл хилээ хаалгачихсан.

МАН 100 жилийнхээ хугацаанд дангаараа шахуу төрийн эрхэд ноёлсон. Сүүлийн зургаан жил хэт олонх байлаа. Гэтэл тэд улс орны хөгжил дэвшилд ямар хувь нэмэр оруулав. Дарханы замыг хуулаад хэдэн жил болж байна. Тэнд өчнөөн олон хүний амь үрэгдээд л байдаг. Одоо ард түмэн эрх баригчдын худлаа амлалт, хошгоруулалтыг ойлгодог болсон.

-Хариуцлагын механизм эрх баригчдад үйлчлэхээ больсон юм биш үү?

-Тийм болохоор ковидоор далимдуулж хулгай, төсвийн мөнгө шамшигдуулалт гаарч байна. Сүүлийн үед цагдаа нар авлигачдыг хамгаалдаг болсон байна. Хууль сахиулагчид нь ард түмний төлөө биш, хэн нэгэн даргын хувийн бие хамгаалагч мэт зүтгэдэг болж. Үндсэн хуулиа хамгаалж ч чаддаггүй Үндсэн хуулийн Цэцтэй байна.

-Намрын чуулганд АН-ын бүлгээс ямар ямар хуулийн төслүүд хэлэлцүүлэх вэ. Өргөн барихаар зэхэж байгаа төслүүдээсээ сонирхуулахгүй юу?

-Нэлээд хэдэн асуудал байгаа. Эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг шаардлагын хэмжээнд хийж чадаагүй. Үүнийг ярилцаж ойлголцох ёстой. Мөн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох нь зүйтэй гэж АН үздэг. Дээрээс нь шилэн данс хөтлөхгүй байгаа байгууллагуудад хариуцлага тооцох ёстой. Төрийн албаны зөвлөлийн тухай хууль, Боловсролын тухай хууль гэх мэтчилэнгийн олон асуудлыг намрын чуулганд хэлэлцүүлэхээр зэхэж байна.

-МАН бол халамжийн бодлогыг жанжин шугамаа болгодог зүүний үзэлтэй улс төрийн хүчин. Ард түмнийг халамжаар бөөцийлж байгаад дарангуйллын системээ алхам алхмаар тогтоож байна. Ардчиллын амин сүнс болсон чөлөөт эдийн засаг хумигдаж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх боогдлоо. Манай улс ардчиллыг ямар үнэ цэнээр олж авлаа даа. Гэтэл өнөөдөр яагаад ийм байдалд хүрчихэв?

-Ер нь өвчнөөр далимдуулаад юм, юм л болох шинжтэй. Зуд болоход нохой зоолдог гэгчээр авлигачид, дарга нар зоолж байна. Ард түмний амьдрал тэсэхүйеэ хүнд байгаа. Монголын ард түмэн нэг намын, тэр дотроо нэг хэсэг хүний дарангуйлал руу шилжиж байна. Уг нь ковидыг хяналтанд оруулах хуулийг гаргах ёстой байсан. Гэтэл хэдхэн хүний гарт эрх мэдлийг аваачиж өгсөн. Өнөөдөр технологи хөгжсөн үед бүх зүйлийг цахимаар ил тод болгох хуулийг гаргах хэрэгтэй байсан. Гэтэл эсрэгээрээ дарангуйлал руу аваачихын тулд ажиллаад байна.

Ер нь өвчнийг даамжруулахад эрх баригчид өөрсдөө буруу үлгэр дуурайлал үзүүлсэн шүү дээ. Одон медаль тараах, уул овоо тахих, сонгуулиа хийсэн. Саяхан хүртэл Цахим үндэстэн гэх шоу зохион байгуулж нэг дор тэр олон хүнийг цуглуулчихлаа. Олон зуун жил тасралтгүй явж ирсэн төрийн наадмаа МАН-ынхан өөрсдөө тасалчихаад ингэж шоу цэнгээнийг дэмжээд яваад байж таарахгүй ээ. Уг нь Солонгосын жишгийг харахад цахим шоугаар эрүүл мэндийн салбарт зүтгэж, ачааны хүндийг үүрч байгаа эрхэм хүмүүстээ талархал илэрхийлдэг юм билээ. Гэтэл тавхан секундэд буюу зөрөөд өнгөрөхөд халдварладаг дельта вирус тархсан энэ үед нэг дор гурав, дөрвөн мянган хүн цуглуулсан нь өвчин даамжирах гол шалтгаан болсон. Цаашлаад хичээл сургууль, намрын их ажил, хүйтний улирлын ханиад томуу ихэсдэг үед шоу хийсэн нь хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлж болохоор. Одоо энэ эмч, сувилагч нар туйлдаж байна. Эмнэлэгт нь ор байтугай шал олдохоо ч байж. Хүмүүс гэртээ нас барж байна. Гэтэл засаг төр нь шийдвэртэй арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байна. Монгол Улс төргүй байсан бол одоо засаггүй болж байх шиг байна.

Миний хувьд УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд, ард түмнээс сонгогдсон гишүүний хувьд улс орны тулгамдсан асуудлуудаа парламент халуун тогоондоо ярилцаж, санал шүүмжлэлээ хэлэлцэх зарчмаар бодлогоо хэрэгжүүлээд явах ёстой. Бид бүхэн хуулиа дээдлээд энэ улс орныг зөв замд нь чиглүүлээд авч явах боломж бололцоо байна. Хүнд хэцүү үеийг эв нэгдлийн хүчээр давах ёстой. Төрийн хоёр багана гэж ярьдаг АН, МАН эв нэгдлийн хүчээр цар тахлын нөхцөл байдлыг даван гарах хэрэгтэй байна. Энэ өвчнөөс дэлхийн хүн төрөлхтний хэн ч ангид байж чадахгүй. Тиймээс УИХ, Засгийн газар ажлаа хийхгүй бол асуудал өдрөөс өдөрт хүндэрч байна.

-Танай намын дотоод асуудалтай холбоотой зүйл тодруулъя. Удтал хагаралтай байсан АН нөхөн сонгуулийн өмнө нэгдэж чадсан нь нийгэмд оноо авлаа. Эв нэгдлээ цаашид хадгална биз дээ?

-АН байгуулагдаад 30 жил болж байна. Ард түмэн итгэл хүлээлгээд байхад хийх ёстой ажлуудаа хийж чадаагүй. Өнөөдөр гэхэд хоёр талд гарчихаад ялих, ялихгүй зүйлд хэрүүлтэй маргаантай байна. Булаацалдаад байх сэг ч үгүй байхад хоорондоо маргалдаад байгаа нь үнэхээр ичгүүртэй. Харин УИХ дахь АН-ын бүлэг хоорондоо хуваагдалгүй, эв нэгдлээ ханган ажиллаж байна. Засгийн газарт хариуцлага тооцъё гэж дуугарсаар ирсэн. Хаврын чуулган өндөрлөж байхад АН-ын бүлгийн шийдвэр ч гарсан байгаа. УИХ-ын 19-өөс багагүй гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар хэлэлцэх хуулийн заалттай. Мөн парламентын ердийн олонхын саналаар огцруулдаг.

-УИХ-д эрх баригч олонх байхад Засгийн газрыг огцруулах хэмжээнд яригдаж чадах уу?

-УИХ дахь МАН-ын шударга гишүүдтэй санал санаачилга гаргаж, уулзаж ярилцаж байна. Энэ Засгийн газрыг шахаж ажиллуулах болно.

-Нөхөн сонгуулийг ерөнхийд нь хэрхэн зураглаж байна вэ. АН-ын саналыг хуваахын тулд хэн ч танихгүй хүмүүс болон жижиг намуудыг оролцуулдаг тактик сүүлийн хэд хэдэн сонгуульд ажиглагдаад байгаа л даа…

-МАН цүнх барих, долоох хүмүүсээ шат дараатайгаар бэлдэж ирсэн, туршлагатай нам. Тухайлбал, Оюутны холбооны дарга нэртэй оюутнуудын автобусны билетийг дундаас нь авч шагладаг хүмүүсийг бэлдээд авчихсан. Тэд яаж ч хулгай хийхээс буцахгүй. Тэр хүмүүсийг зөвхөн МАН ажилд авч торддог. Тэрний үр дүн 80-аад оныхон байна. Нөгөө нэг хэсэг нь үе удам дамжсан дабль стандартаар баяжиж хөлжсөн хүмүүс байгаа. Хуучин социалист нийгэмд өөрөө ч, бусдыг ч сайхан амьдруулдаггүй байсан. Харин одоо ард түмнийг өөд нь гаргадаггүй. Өөрсдөө сайхан амьдраад байдаг. Хөрөнгө орлогоо ч тайлбарладаггүй. Хаанаас авснаа ч хэлдэггүй. Ийм нэг үеийнхэн бий болоод байна. Ер нь МАН сонгуульд нүдээ ухаад ч өгөхөөс буцахгүй, муу юманд гаршсан тактикуудыг хэрэглэдэг. Дотор нь хувааж, худалдаж авч байна.

-Нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа нөхдийнхөө талаар юу хэлэх вэ. Тэд УИХ-д орж ирвэл сөрөг хүчний дуу хоолой чангарна гэсэн хүлээлт нийгэмд байгаа болов уу?

-Энэ хүмүүс маань маш хүнд хэцүү үед нөхөн сонгуульд оролцож байна. Ардын намд одоо байгаа суудал нь илүүдээд байгаа. Хийж хэрэгжүүлж байгаа ажил нь ард түмэнд хүрэхгүй байна. Энэ улсыг цааш өнгөтэй өөдтэй авч явах бодлогыг ардчилсан намын үзэл санаа хэлж ярьдаг. АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар хоёр маань өмнө УИХ-д сууж байсан улс төрийн арвин туршлагатай хүмүүс. Бидэнд төдийгүй Монголын ардчилалд нэг ч гэсэн хүний дуу холой ус агаар мэт хэрэгтэй байна. Үүнийг ард түмэн ойлгож ухамсарлаж саналаа өгнө гэдэгт найдаж байгаа. МАН-ын явуулж байгаа бодлого өдөр ирэх тусам явуургүй, явцгүй шавхагдсан, энтертайнмент хэмжээнд оржээ гэдгийг ард түмэн мэдэрч байна. Энэ шавар шавхай, балчиг намгаас гаргаж чадах хүмүүс Монголд бий. АН-ын асуудалд хандах хандлага, 30 жилийн туршлага гэж байна шүү дээ. Сонгох эрх нь ард түмэнд байгаа. Гэхдээ өөрийнхөө амьдрал ахуй өнөөгийн нөхцөл байдлыг бодолцон сонголтоо зөв хийгээсэй гэж хүсч байна.

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

5 Сэтгэгдэл
  1. Delta Air lines Fort Worth booking customer service бичсэн нь

    control of pest Fort Worth service https://www.craftstorming.com/?s=control+of+pest+%E2%98%8E+1%28844%299484793+Fort Worth+service+phone+number

  2. Delta Air lines New Hampshire booking customer service бичсэн нь
  3. Delta Air lines Fort Worth booking customer service бичсэн нь

    control of pest Fort Worth service https://sdachurch.com/?s=control+of+pest+%E2%98%8E+1%28844%299484793+Fort Worth+service+phone+number

  4. Delta Air lines Colorado Springs. Arizona booking customer service customer service phone number https://delta-airlines-2022.blogspot.com

  5. Pest Control Services in USA бичсэн нь

    Delta Airlines Phone Number | Delta airlines customer service phone number https://telegra.ph/Delta-Airlines-Manage-Booking–18556702491-10-01

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?