Д.Эрдэнэбат: Дархан, Эрдэнэт хотын статусын асуудлыг энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шийдэж амжихгүй байх

0

Хотын статусын асуудлыг энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шийдэж амжихгүй байх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тавдугаар сарын 01-нээс мөрдөж эхэлнэ. Тэгэхээр хотын статус тогтоох, эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудал нь дараагийн шинэ УИХ-ын шийдэх асуудал болж хувирна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Дархан, Эрдэнэтийн хотын статустай болох хугацаа нь 2021 оноос эхлэх байх. Ийм учраас уг асуудал дараагийн УИХ руу шилжих магадлал асар өндөр юм. Тэгэхээр одоо үйлчилж буй хуулийн хүрээнд бүх асуудлаа шийдээд явна гэсэн үг.

 

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас УИХ-ын сонгуулийн хууль, тойргийн мандатын талаар ярилцлаа.

УИХ-ын сонгуулийн нэг тойрогт ногдох мандатын тооны талаар ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын сонгуулийн хуульд олон мандаттай тойрог гэж заасан. Тэгэхээр тухайн тойрогт хоёр буюу түүнээс дээш мандаттай байна гэсэн үг. Тухайн тойрогт хэдэн мандаттай байхыг хүн амын тоо, төвлөрлийг тооцон гаргах ёстой. Цөөн хүн амтай аймгууд бий. Жишээлбэл Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгээд хоёр мандаттай тойрог болгомоор байгаа юм. Учир нь Дундговь аймаг хөгжлийн хувьд бусдаасаа хоцорсон, УИХ-ын ганцхан гишүүнтэй. Одоо тус аймагт орших Салхитын мөнгөний ордын тухай яригдаж эхэллээ. УИХ-аар энэ ордын асуудлыг хэлэлцэж шийдээд явах юм шиг байна. Говьсүмбэр аймаг гурван сумтай, Дорноговь аймгийн бөөрөнд хавчуулагдаж явдаг. Бас хөгжлийн хувьд тийм ч сайн биш. Ганц Шивээ-Овоогийн нүүрсний уурхайтай. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн тойргийг тогтоохдоо нутаг дэвсгэр, хүн ам түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдлыг зайлшгүй харах ёстой. Ийм учраас энэ хоёр аймгийг нэгтгэх шаардлага байгаа юм.

-Үүнээс өөр асуудалтай тойрог байгаа юу?
-Зарим нь дэндүү тэгш бус байна. Тухайлбал хүн амын тоо цөөн ч дөрвөн мандаттай тойрог бас бий. Түүнээс хасч гурав болгох шаардлагатай гэж бодож байгаа. Улаанбаатар хотын тойргийн мандатыг хасах ёсгүй. Яагаад гэвэл манай улсын хүн амын хамгийн том төвлөрлөл нийслэлд байна. Нийслэлийн тойргийн мандатыг хасах нь зөв үү, буруу юу гэдгийг хэлэлцэж байгаа. Нэг нэг мандаттай аймгуудыг зайлшгүй хоёр болгохоос өөр арга байхгүй. Хууль нь тийм юм. Ингээд тооцвол дундаж хүн амтай аймаг хоёр мандаттай болно. Мөн 100 гаруй мянган хүн амтай аймаг гурван мандаттай байх тооцоо гарч байгаа. Харин 100 мянгаас доош хүн амтай байж дөрвөн мандаттай аймаг байвал түүнээс хасах ёстой. Дахин хэлэхэд хүн ам, нутаг дэвсгэр, эдийн засгийн нөхцөл зөв харж тооцож байж мандатын тоог гаргах учиртай гэж үзэж байна.

-УИХ-ын сонгуулийн тойргийн асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо тодорхой болгосон юм болов уу?
-Сонгуулийн ерөнхий хороо одоогоор уг асуудлыг оруулж ирээгүй байна. Хуулийн дагуу хоёрдугаар сарын 01-нээс өмнө тойргийн асуудлыг тодорхой болгох ёстой. Тухайн үед уг асуудлаар Ардчилсан намын зүгээс байр сууриа илэрхийлнэ.

Тэгвэл Ардчилсан намын зүгээс ямар байр суурь илэрхийлэх төлөвтэй байна вэ?
-Нэгдүгээрт, миний дээр ярьсан асуудлуудыг зайлшгүй харгалзан үзэх ёстой юм. Хоёрдугаарт, нийслэлээс хүн ам ихээр төвлөрсөн газрын мандатын тоог цөөлөх нь туйлын зорилго биш гэж үзэж байгаа.

-УИХ Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхээр шийдсэн. Энэ хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах томьёолол байгаа. Жижиг тойргоор сонгууль явуулна гэсэн үг. Ажлын хэсэг судалгаа хийгээд үзэх хэрэгтэй. УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болсон. Тэгэхээр орон нутгийн сонгуулийг бас энэ томсгосон тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл нийслэлийн дүүрэг нэг тойрог болно гэсэн үг. Тойргийг жижиглээд байх нь тийм ч ач холбогдолтой зүйл биш. Жишээ нь сумын төвийг бүхэлд нь авч үзэх ёстой. Иймэрхүү асуудлуудыг зайлшгүй авч үзэх ёстой гэж бодож байна. Ер нь орон нутгийн сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаа явуулах хугацааг УИХ-ынхтай адилхан 22 хоног гэж төлөвлөсөн байгаа. Тэгэхээр орон нутагт улстөржилтийг багасгахын тулд сонгуулийн сурталчилгааны хоногийн тоог цөөлөх хэрэгтэй. Тэртээ тэргүй нэг суманд хэний ах дүү, хаана нэр дэвшиж байгааг дэндүү сайн мэднэ. Иймд сонгуулийн сурталчилгаа олон хоног үргэлжилхээр орон нутагт улстөржилт асар өндөр хэмжээнд хүрдэг тал бий. Мөн маш их зардал гардаг. Ийм учраас орон нутагт хамгийн бага зардлаар, богино хугацаанд сонгууль явуулах бүрэн боломжтой гэж харж байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжээд эхлэхээр Дархан, Эрдэнэт улсын чанартай хотын статустай болно. Тэгэхээр Сэлэнгэ, Булган аймгуудын хилийн заагийг тодорхойлох зэрэг асуудал гарна шүү дээ?
-Хотын статусын асуудлыг энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шийдэж амжихгүй байх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тавдугаар сарын 01-нээс мөрдөж эхэлнэ. Тэгэхээр хотын статус тогтоох, эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудал нь дараагийн шинэ УИХ-ын шийдэх асуудал болж хувирна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Дархан, Эрдэнэтийн хотын статустай болох хугацаа нь 2021 оноос эхлэх байх. Ийм учраас уг асуудал дараагийн УИХ руу шилжих магадлал асар өндөр юм. Тэгэхээр одоо үйлчилж буй хуулийн хүрээнд бүх асуудлаа шийдээд явна гэсэн үг.

-Эрх баригчид өөрсдөдөө боломж олгох тойргийн хуваарилалт хийнэ гэсэн зүйл яригдаж байгаа. Ийм зүйл бий юү?
-Сонгуулийн тойрог 50, 26 гэдэг тоо л автоматаар тогтоочихоод байх юм. Заавал ийм байх ёстой ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Хамгийн гол асуудал нь амын тоо, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн нөхцөл байдал гэсэн гурван зарчимд тулгуурлаж тойргийн хуваарилалтаа хийх ёстой. Тэгэхээр 26 эсвэл 30 тойрог гарах нь уу мэдэхгүй. Энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, ажлын хэсэг нухацтай авч үзэх ёстой. Аливаа асуудалд аль нэг улс төрийн хүчинд давуу эрх олгоно гэдэг нь сайн зүйл биш. Урьд нь 2012, 2016 оны УИХ-ын сонгуулийн тойргийг өөрчлөөд л явуулсан. Үүнээс ач холбогдол ерөөсөө гараагүй. Ийм учраас хэн нэгэн хувь хүн болон намын эрх ашиг гэхээс илүү тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн эрх ашиг, эдийн засгийн хөгжлийн хандлага чиг, хүн амын тоо гээд маш олон зүйлийг харж байж шийдвэр гаргах ёстой.

-Хэрэв УИХ-ын сонгууль явуулах тойрог нэмэгдвэл хуулиа өөрчлөх үү?
-Хууль өөрчлөгдөхгүй. Тойргийг тусгай тогтоолоор батална. Энэ тогтоолыг хоёрдугаар сарын 01-нээс өмнө батлах хуультай.

“Ардчилал таймс” сонин

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй