Ж.СОРОНЗОНД ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 22.1-ЭЭР ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ БАЙНА

0

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг АТГ-аас шалгах явцад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрөл төрөгсөд, эр нөхөртөө давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд Ж.Соронзонд Эрүүгийн хуулийн 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг зүйлчлэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газрын хяналт дор үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Ж.Соронзон нь АТГ-т шалгагдаж байх хугацаандаа сургуулийнхаа санхүүгийн баримтыг устгаж байна гэдэг дуулиан дэгдсэний дараа АТГ-аас тус сургууль дээр очин санхүүгийн бүх баримтыг нь гаргуулан хураан авч, хамгаалалтад авсан гэдгийг албан бус эх сурвалж хэллээ.

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон нь өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгттэйгээ “Түрээсийн гэрээ” гэгчийг байгуулан, зах зээлийн дундаж ханшаас 3-5 дахин өндөр үнээр 2015-2021 оныг дуустал түрээсэлж ирсэн бөгөөд төрсөн дүүгийнхээ компани руу сургуулийнхаа данснаас 46 удаагийн гүйлгээгээр 5,805,394,261.0 төгрөгийг шилжүүлсэн нь хөдөлшгүй баримтаар нотлогдоод байгаа юм.

Ж.Соронзон захирлыг шүүх гэм буруутай хэмээн тооцсон тохиолдолд тэрбээр “нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасуулж, 5.4-27  сая төгрөгөөр торгуулах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял” сонсох ял шийтгэлийн аль нэгийг зөвхөн энэ үйлдлийнхээ төлөө сонсох юм.

Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр баригдсан Номун хотхон

Үүний цаана Ж.Соронзон санхүүгийн баримтыг хуурамчаар бүлэглэн үйлдсэн байж болзошгүй асуудал, сургуулийнхаа 2 га талбайг “Тэргүүн чансаа” ХХК-д ямарч үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөөд оронд нь сургуулийнхаа засварчин Жамсран /Жаяа/-гийн нэр дээр 1045 мкв оффисын талбай, өөрийнхөө төрөл төрөгсдийн нэр дээр Номун хотхонд 2-3 орон сууцыг авсан зэрэг асуудал нь шалгагдаж байгаа гэдэг албан бус мэдээлэл байна.

Эх сурвалж НУУЦ.МН

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?