Завхан аймаг дахь Хөгжим Бүжгийн Коллежийг Төрийн соёрхолт Х.Билэгжаргалын нэрэмжит болголоо

0

Завхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Соёл урлагийн Их Сургуулийн салбар Завхан аймаг дахь Хөгжим Бүжгийн Коллежийг Төрийн соёрхолт, нэрт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргалын нэрэмжит болгосон.

Нет описания фото.

2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буюу зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон МУАЖ А.Долгор, СУИС-ийн ХУС-ийн захирал Ганцэцэг, Билэгжаргал сангийн тэргүүн Б.Мөнхманлай, хөгжмийн зохиолч С.Тараа, Бадарч, Жамъян, Яруу сумын Засаг дарга Д.Мөнхтөр, Улиастай сум дахь нутгийн зөвлөлийн дарга Б.Мэндбилэг нар оролцжээ.
Халтарын Билэгжаргал нь 1954 онд тухайн үеийн Завхан аймгийн Чандмань-Өлзийт (одоогийн Яруу) суманд төрсөн. 1960-1968 онд дунд сургууль, 1968-1972 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид суралцан төгсөж, 1972-1976 онуудад нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагаар хөгжмийн зохиомж заалгаж, дараа нь ЗХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн Их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид 1976-1982 онд Б.Гибалинаар, 1982-1984 онд А.Неминскийгээр багшлуулж төгсчээ.1972-1975 онд Архангай аймгийн Багшийн сургуульд хөгжмийн багш, 1984-1987 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, 1988 оноос Улсын дуурь бүжгийн академик театрт хөгжмийн зохиолч, 1990-1995 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны даргаар 1998-2000 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдаачаар ажиллаж байжээ. Түүний “Ламбугайн нулимс” дуурь, “Гэрэл сүүдэр” дуурь “Бөртэ чоно” балет, “Ховор хүмүүс” киноны хөгжим “Атга нөж” жүжгийн хөгжим “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Миний монгол”, “Сүүтэй цагаан аялгуу” романс, “Зүүдний хайртай нутаг” дуу гэх зэрэг хөгжмийн зохиолын салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан олон арван бүтээл туурвилууд бий.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй