КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19) БА РЕДАКЦИЙН БАРИМТЛАХ СТАНДАРТ

0

Хэвлэлийн Омбудсмен олон улсын байгууллагаас сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд зориулан коронавируст халдварын талаар мэдээ, сурвалжлага бэлдэхдээ баримтлах зарчим бүхий зөвлөмж гаргасныг ХМЗ-өөс орчуулан хүргэж байна. Англи хэл дээрх хувилбарыг эндээс үзэх боломжтой. 

 

COVID-19 буюу шинэ коронавируст халдварын тухай мэдээлэл хамгийн эрэлттэй, өдөр тутмын анхаарал татсан мэдээлэл болоод байгаа төдийгүй цаашид хэсэг хугацаанд энэ байдал хадгалагдах төлөвтэй байна.

 

Шуурхай, нөлөө ихтэй энэ мэт асуудлыг сурвалжлах үед сэтгүүлчид ачаалал ихтэй ажилладаг. Тэд хурдтай хувьсан өөрчлөгдөж буй асуудлыг сурвалжлахдаа уртасгасан цагаар, ихэнх тохиолдолд биеийн болон сэтгэл зүйн эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулах хэрэгтэй.

 

Түүнчлэн энэ мэт чухал асуудлаар мэдээ, сурвалжлага бэлдэх үед редакцийн стандартыг хамгийн өндөр түвшинд баримтлах шаардлагатай. Үнэн бодит, цаг үеийн хийгээд хариуцлагатай сэтгүүл зүйн суурь зарчмуудыг баримталж ажиллах нь урьд өмнөх үеэс ч илүү чухал болоод байна. Элдэв янзын, зөрчилтэй, бодит бус, хариуцлагагүй мэдээлэл нь нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдалд халгаатай үр дагаврыг бий болгох талтай. Иймээс вирусын талаар олон нийтийн мэдвэл зохих, хариу үйлдэл хийх боломжтой мэдээллээр хангах нь сэтгүүлчдийн үүрэг, хариуцлага юм.

 

Үүний зэрэгцээ болж буй үйл явдлыг нягталж шалгах шаардлага урьдын адил байсаар байна. Чухал, ач холбогдолтой асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах болон тухайн мэдээллийг дамжуулах хоёрын тэнцвэрийг хангах нь зүйтэй.

 

Хэвлэлийн омбудсмен, стандарт сахиулагч редакторуудын олон улсын байгууллага (Organization of News Ombudsmen and Standards Editors) нь шударга, ил тод, хариуцлагатай сэтгүүл зүйг бий болгохын төлөө ажилладаг. Энэ байгууллагын гишүүд нь дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл байдаг ба ёс зүйтэй, хариуцлагатай мэдээ мэдээлэл гаргаж буй эсэхийг хянахад өдөр тутмын ажил нь чиглэдэг.

 

Хариуцлагатай хэвлэл мэдээллийн байгууллагууд (мөн ОNО гишүүд ч багтана) олон нийтийн эрх ашигт нийцсэн, чанартай сэтгүүл зүйн ач холбогдлыг агуулсан ёс зүйн дүрэм, редакцийн баримтлах стандарттай байдаг.

 

Сэтгүүлчид COVID-19-ийн тухай мэдээлэл бэлтгэхдээ эдгээр ёс зүйн зарчмын зарим суурь үзэл баримтлалыг эргэн харж, дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй.

 

  • Үнэн бодит байх: Бэлдэж буй мэдээ, нийтлэлээ хамгийн сүүлийн үеийн, үнэн бодит мэдээлэлд тулгуурлах. Тухайн мэдээлэл нь тодорхой эх сурвалжтай эсэхийг нягтлах. Олон нийтэд хандсан албан ёсны мэдээлэл, мэдэгдэл, статистик тоо баримт болон бусад эрүүл мэндийн зөвлөгөө нь тодорхой, ойлгомжтой, аль болох өргөн хүрээнд бичигдсэн байх хэрэгтэй.

 

  • Мэдээллийн агуулгыг бодолцох: Тохиромжтой агуулгыг гаргах нь үнэн бодит сурвалжлага бэлдэхийн чухал хэсэг байдаг. Жишээлбэл, хүнс нөөцлөх буюу сандралаас үүдсэн худалдан авалт болж байгааг мэдээлэх нь зүйтэй хэдий ч үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарлан таниулах нь илүү чухал юм. Хэрвээ хүнс нөөцлөх худалдан авалт нь шаардлагагүй, үндэслэлгүй байх тохиолдолд учрыг нь ухахгүйгээр энэ мэдээг түгээснээр үймээн самууныг дэвэргэх эрсдэлтэй.

 

  • Олон өнцгөөс харах: Вирусын үр нөлөө нь бизнесийн орчин, сургууль, эмнэлэг, ажил эрхлэгчид, хүүхэдтэй гэр бүл болон өндөр настнууд зэрэг нийгмийн төрөл бүрийн давхарга, салбарт харилцан адилгүй үр дагаврыг авчрах болно. Эдгээр ялгаатай нөхцөл байдлыг бодолцож мэдээ, нийтлэлдээ тусгах нь зөв юм.

 

  • Үзэл бодлын тэнцвэрийг хадгалах: Вирусын эсрэг ямар хариу арга хэмжээ авах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор ямар бодлого баримтлах тухайд мэргэжилтнүүд, засгийн газрын төлөөлөл болон бусад албаны хүмүүсийн хооронд үзэл бодлын зөрүү гарах болно. Эдгээр ялгаатай үзэл бодлыг дамжуулах нь зүйтэй хэдий ч шаардлагагүй төөрөгдөл, эргэлзээг бий болгохгүй байх нь илүү чухал. Албан ёсны эрүүл мэндийн зөвлөгөө гэж юу болохыг мэдээ, сурвалжилгадаа үргэлж тодорхой дурдаж байх, түүнчлэн эрүүл мэндийн мэргэжилтний дүгнэлтийг нотолгоогүй таамаг, үндэслэлгүй онолд суурилсан үзэл бодолтой харьцуулах байдлаар хуурамч тэнцвэрийг үүсгэхгүй байх хэрэгтэй. Тэнцвэр буюу баримт, нотолгооны зохистой хэмжээг хадгалсан байх гэдэг нь ерөнхийдөө мэдээнд дутуу дулимаг мэдээлэл байх орон зайг гаргахгүй гэсэн үг юм.

 

  • Залруулга хийх: Одоогийн нөхцөл байдалд мэдээ, сурвалжилгад баримтын алдаа гарсан бол тэр даруйд нь, шуурхай засч байх нь урьд урьдынхаас ч илүү чухал байна.

 

  • Хүндэтгэлтэй, шударга хандах: Мэдээ, сурвалжилгад тань дурдагдах олон хүн ихээхэн сэтгэл санааны дарамт дор байх болно. Тэдний хувийн нууцад хүндэтгэлтэй хандах, ялангуяа өвдсөн, сэтгэл зүйн цочролд орсон тохиолдолд онцгой анхаарах хэрэгтэй.

 

Коронавирусын тухай хэрхэн мэдээлэх талаар нэлээн хэдэн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн байгууллагаас зөвлөмж гаргасан. Тэдгээрийн заримыг дор дурдвал:

 

  1. Коронавирусын тухай сурвалжлах нь  
  2. Коронавирусын талаарх баримтыг нягтлах эвсэл
  3. Хуурамч мэдээлэл хэрхэн тархдаг вэ
  4. Харвардын тархвар судлалын эрдэмтний 5 зөвлөгөө
  5. Коронавирусыг сурвалжлахтай холбоотой уншигчдад өгөх амлалт
  6. Хэрхэн шинжлэх ухааны сэтгүүлч шиг сэтгэх вэ
  7. Нягтлан шалгах ба дэлгэрүүлэн мэдээлэхийн тэнцвэрийг хадгалах нь
  8. Бүрхэг байгаа үнэнийг мэдээлэх нь 
  9. Хямралын үед хөнгөлөлт үзүүлэх нь ёс зүйн үүрэг хариуцлага болох эсэх

Коронавирусын талаарх мэдээллийн их урсгал, ёс зүйн талаарх хэлэлцүүлэг нэг хэсэгтээ бидний эргэн тойронд өрнөх болно. Гагцхүү анхаарлын төвд байх ёстой гол зүйл бол хямралын энэ үед олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг хэвлэл мэдээллийн хариуцлагатай, найдвартай байдлын үнэ цэнийг хадгалах юм.

 

Сэтгүүл зүйн үүрэг, оролцоо чухал.

 

Алан Сандерлэнд

Хэвлэлийн Омбудсмен олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал

 

2020.03.24

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй