М.Энхсайхан: Намайг буруутгах гэж байгаа бол шийдвэр гаргасан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Х.Баттулга нараас мэдүүлэг авч бүтэн болгох хэрэгтэй

1

Монгол Улсын сайд асан М.Энхсайханд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Тэрээр хэлэлцүүлгийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнөөдрийн хэлэлцүүлгээр ямар асуудлыг ярьсан бэ?

-Өнөөдөр урьдчилан хэлэлцүүлэг гэдэг арга хэмжээ явагдаж байгаа. Энэ нь прокуророос бүрдүүлсэн материал шүүх авч хэлэлцэхэд бүрэн бүтэн байна уу гэдгийг нягталдаг. Сая эцсийн шийдвэр гаргачихлаа. Шүүх дөрөвдүгээр сарын 23-нд хуралдахаар шийдлээ.

-Таныг ямар үндэслэлээр буруутгаж байгаа вэ. Буруутгаж байгаа зүйл ангийн үндэслэлийг та хэрхэн үзэж байна вэ?

-Энэ удаа манай өмгөөлөгч гомдол гаргасан. Миний зүгээс ч хүсэлт гаргасан. Тэр нь Тавантолгойн асуудлаар Ц.Элбэгдоржийн дэмжлэгийг авсан гээд  байгаа. Тэр хүний дэмжлэг гэж юу юм, яагаад тэр хүний дэмжлэг хорлон сүйтгэх ажиллагаа болчихдог юм. Үүнийг мөрдөн байцаалтын явцад дахиад тодруулах хүсэлт тавьсан. Би Их хурал, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн. Түүнийхээ төлөө яллагдагч болчихоод явж байгаа. Тэгэхээр шүүх ажиллагааг бүтэн болгох үүднээс Их хуралд төсөл өргөн барьсан тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, түүнийг нь хүлээж авсан Их хурлын дарга З.Энхболдыг оролцуулж өгөхийг хүссэн. Мөн энэ хэргийг тойроод улстөржилт яваад байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгойн ордыг үнэгүй өгөх гэж байсан гэж худлаа яриад нэлээд улстөржүүлсэн. Тиймээс юуг үнэгүй, юуг 100 жил гээд байгаа юм гэдэг талаар Ерөнхийлөгч Х.Баттулгаас мэдүүлэг авах, хорлон сүйтгэх ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж буруутгаад байгаа учраас ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхээс мэдүүлэг авах хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг шүүх хуралдаан дээр ярилцаж шийдэхээр болсон.

-Та өөрийгөө буруугүй гэж үзэж байна уу. Эрх мэдлээ урвуулан ашигласан гээд байгаа шүү дээ?

-Огт буруу байхгүй. Нэг хэргийг хоёр талаас нь тайлбарлаж байгаа. Нэг талаас Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, нөгөө талаас Тавантолгойн гэрээн дээр эрх мэдлээ урвуулан ашиглаад Япон, Хятадын компанид давуу эрх олгосон гэж яллаад байгаа. Үнэндээ мөрдөн байцаалтын явцад миний өмгөөлөгчөөрөө дамжуулан тавьсан хүсэлт бол юуг давуу байдалд олгосон гэж үзээд байгаа, түүнийгээ тодруулах, Япон, Хятадын компаниас мэдүүлэг авах. Үүний үндсэн дээр хэргийн материал бүрэн болно гэсэн хүсэлт тавьсан. Гэхдээ үүнийг хэрэгжүүлээгүй л дээ.

-Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Х.Баттулга, А.Гансүх нараас мэдүүлэг авах хүсэлтийг чинь хэрэгжүүлсэн үү?

-Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Х.Баттулга, А.Гансүх гээд холбогдож байгаа хүмүүсээс мэдүүлэг авах хүсэлт тавьсан. Намайг буруутгах гэж байгаа бол шийдвэр гаргаж өгсөн хүмүүсээс тодруулга мэдүүлэг аваад бүтэн болгох хэрэгтэй.

-Та УИХ, Засгийн газрын өгсөн үүргийг биелүүлсэн гэж байна. Гэхдээ гарын үсэг зурах гээд бэлдсэн байсан гэрээний төслөө эцсийн хувилбараар УИХ-д танилцуулаагүй гэж З.Энхболд мэдэгдээд байна шүү дээ?

-Тэдний юу ярьж улстөржсөн нь миний асуудал биш. Хамгийн гол нь миний бэлдэж өгсөн төслийг Ч.Сайханбилэг Засгийн газар дээрээ хэлэлцүүлээд өөрийнхөө албан тоотоор УИХ-д өргөн барьсан. Өргөн барьсан нь өөрөө гэмт хэрэг болчихоод байгаа юм.

 

Моломжамцын Булган

1 Сэтгэгдэл
  1. EdwardNat бичсэн нь

    buy viagra online canada https://viagrabng.com/# how much is viagra

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?

Таны цахим шуудангийн хаяг ил харагдахгүй