Нобелийн энх тайвны шагналтан М.Юнус: Мөнгө бол аз жаргал биш, гэхдээ мөнгө хийх явц нь өөрөө жаргал юм

0

Бичил зээлийн эцэг, Нобелийн энх тайвны шагнал хүртсэн М.Юнус:

Мөнгө бол аз жаргал биш, гэхдээ мөнгө хийх явц нь өөрөө жаргал юм. Мөнгө хийнгээ бусдад тусалж байвал түүнээс илүү жаргал гэж үгүй.

Анх багахан тосгоны тариачдад 27 доллар зээлүүлж байсан Бангладешийн эдийн засагч Мухаммад Юнус өдгөө сая сая долларын зээл олгодог болжээ. Гэхдээ Юнусын банк нэг хүнд ихээхэн хэмжээний зээл олгодоггүй. Банкны үйлчилгээг хүртэх боломжгүй, амьжиргааны доод түвшний ядууст өөрийн гэсэн бичил бизнесийг эхлүүлэхэд тусалж бичил зээл олгодог. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурийг бүтээхэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж 2006 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэн, ядууралтай тууштай тэмцэж буй Юнусыг бичил зээлийн эцэг гэж нэрлэдэг. Тэрээр үндэсний баатар болоод зогсохгүй өөрийн үйл ажиллагааг дэлхийд хүлээн зөвшөөрүүлжээ.
Ядууст зээл олгож бизнесээ хөл дээр нь босгосон энэ хүн банкны үйл ажиллагааны ариун зарчмуудыг няцаасан гэгддэг билээ.
Банк зээл олгохдоо баталгаа шаарддаг бол Юнус тэгдэггүй. Үүнийгээ сайн үйлсийн аян гэж нэрлэдэггүй, харин сайн бизнес гэж үздэг.
“Ядуус зээл авахдаа хариуцлагатай ханддаг. Амьжиргаа муутай хүний хувьд зээл авах нь амьдралд хөлөө олох цор ганц боломж шүү дээ” гэж ярьдаг Юнус өдгөө Бангладешт өөрийн Грамин сүлжээ банкийг байгуулж, нийт 4,3 тэрбум долларын зээл олгожээ. Банкныхны баталж байгаагаар зээлдэгчдийн 99% нь зээлээ буцааж төлдөг байна. 2 400 салбартай, 24 000 ажилтантай энэ банк өдгөө 7 сая хүнд бичил зээл олгожээ.

Зээлдэгчид нь амьжиргаагаа залгуулах мал хуй, оёдлын машин, тэрэг зэргийг худалдан авдаг.

Мухаммад Юнус Ядууралгүй дэлхийг бүтээхүй номдоо “Намайг 1972 онд эргэж ирэхэд Бангладеш Пакистанаас тусгаарлаад удаагүй байлаа. 1974 онд их өлсгөлөн нүүрлэхэд би залуухан багш явлаа. Сургуульд үзсэн онолын мэдлэг бодит байдалтай нийцэхгүй, статистик тоо баримт үндэслэлгүйн дээр Бангладешийн олон сая хүн өлөн зэлмэн, орох оронгүй, ажил төрөлгүй байсансан. Яс арьс болсон хүмүүсийг харахаас нүд хальтрам. Ядуус мөнгө хүүлэгчдээс хүнд хэлэхээс ч ичмээр бага мөнгө зээлж, сагс энэ тэрхэн хийж зараад зээлээ төлөхийг хүсэвч мөнгө хүүлэгчид зээлийн хоног хугацаа хэтэрлээ гээд сүлжсэн сагсыг нь авч өөрөө хэд дахин нугалаад зарчихна. Энэ мэтчилэн ядуу хүн бусдын боол болсноос өөрцгүй нөхцөлд орно. Би энэ хүмүүсийн төлөө ямар нэгэн юм хийж чадах ч юм билүү гэж бодсон юм. Үүний тулд хүмүүстэй ярилцаж судлах хэрэгтэй байлаа. Тэгээд хичээлээ тараад би өдөр бүр Жобрагаар явж мөнгө хүүлэгчдийн гарт орсон тэдгээр хүмүүстэй ярилцдаг болов. Нэг оюутнаараа зээл авсан тосгоны иргэдийг бүртгүүлбэл 42 хүн байна. 42 хүн нийтдээ 27-хон доллар зээлсэн гэвэл хүн итгэхгүй дээ. Би ч алмайрсан юмдаг. Иймхэн мөнгөний төлөө энэлэн шаналж байна гэж үү хэмээн санахад энэ асуудал хэдий ноцтой ч гарах гарц нь тодорхой хэмээн сэтгэж билээ. Ерөөсөө энэ 42 хүнд зээлээ төл гээд тэр 27 долларыг нь өгөх хэрэгтэй юм гэж бодлоо. Хүмүүсийн сэтгэл хөнгөрч надад талархаж байлаа.
Грамин буюу бенгал хэлээр Тосгоны банк ингэж л бий болсон түүхтэй. Грамин банк амьдралын боломж муутай хүмүүсийг мөнгө хүүлэгчдийн гарт оруулахгүйн тулд зээл олгодог цор ганц зорилготой. Мухаммад Юнус “Хүмүүс зээлсэн мөнгөө надад эргүүлж өгөхөд би ийм ажил хийвэл сонирхолтой юм гэж бодсон. Тэгээд тэр хүмүүст ахиад мөнгө зээлүүлсэн. Тэд зээлээ мөн төлсөн. Энэчлэн гурав дөрөв дэх удаа зээл өгөхөд хүмүүс намайг мөнгөө эргүүлээд авчихдаг азтай л юм гэж байлаа. Гэхдээ энэ бол аз биш, ийм систем байж болохыг баталсан хэрэг. Би ч итгэлтэй болж, ажлаа өргөжүүлэн, арав, хорь, гучин тосгоны хүмүүст зээл олгож эхэлсэн. Эхэндээ банк түшиглэн ажилладаг байсан бол аажмаар бие даасан банк байгуулах санаа төрж 1983 онд Грамин банкаа байгуулсан” гэж ярьжээ.
Тэрээр өөрийн эрхэлж буй ажлыг нийгмийн сүлжээ бизнес гэж нэрлэдэг. Нийгмийн сүлжээ бизнес:
1. Ядуурал, боловсрол, эрүүл мэнд, технологи хангамж, хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдэх зорилготой байх учиртай.
2. Тогтсон санхүүжилттэй, эдийн засгийн хувьд тогтвортой байх ёстой.
3. Хөрөнгө оруулагчид ашиг харалгүй оруулсан хөрөнгөө л эргүүлж авдаг зарчимтай.
4. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа олсон ашгаа нийгмийн сүлжээ бизнес эрхэлж буй компанидаа үлдээж үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд зориулна.
5. Экологид ээлтэй байх шаардлагатай.
6. Ажиллах хүч нь зах зээлийн үнэлгээгээр цалинжиж, хөдөлмөрийн аятай орчноор хангагдах ёстой.
7. Энэ бизнесийг итгэл үнэмшилтэйгээр баяр хөөртэй хийх учиртай аж.
Эх орондоо тэргүүлдэг олон компани түүнээс зөвлөгөө авч, эх орондоо нийгмийн сүлжээ бизнесийг хөгжүүлэн хүмүүст тус болдог байна.
С.ОДОНТУЯА
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?