Оюутолгойгоос ч өндөр өгөөжтэй хийн хоолой

0
Монголын эдийн засаг, геополитикийн орчинд таатай нөлөө үзүүлэхүйц хоёр шийдвэр гаргасан долоо хоног үргэлжилж байна.
Засгийн газар Оюутолгойн ордын ашиглалтад улсынхаа эрх ашгийг хангуулах хэлэлцээнд амжилт гаргалаа. Хэлэлцээний үр дүнд Оюутолгойн ордыг монголчууд хөрөнгө оруулагч талд өр тавихгүйгээр хамтран ашиглахаар болов. Нөгөөх нь олон жил яригдсан, ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрт барих тов тодорхой шийдвэрийг Оросын тал гаргалаа.

Оюутолгойн гүний уурхайн анхны тэсэлгээг хийх, Монголын талын “Рио Тинто”-д тавьсан өрийг цайруулах болон “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ОХУ-аас БНХАУ руу манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнгөрсөн мягмар гарагт давхацсан. Олны анхаарлыг татаж, маргааны сэдэв болдог “Оюутолгой” төсөлд иргэд, хэвлэл мэдээллийнхэн илүүтэй анхаарал хандуулах шиг боллоо. Тэгвэл улсын төсөв санхүү, цаашлаад макро эдийн засагт “Оюутолгой”-оос дутахгүй хувь нэмэр оруулах Монголын нутгаар байгалийн хий дамжуулах төслийн талаар энд хөндье.

Монгол Улсын Шадар сайд, хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн Монголын талын ахлагч С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй цахим уулзалт хийж, байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан юм. Техник, эдийн засгийн тооцоолол хийн тухайн төсөл санхүүгийн хувьд үр ашигтай, эсэхийг тодорхойлдог. ОХУ-аас БНХАУ руу татах байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах талаар олон жил яригдсаныг дээр дурдсан. Үнэн хэрэгтээ байгалийн хий дамжуулах хоолой барих төслөө манай нутгаар дамжуулаач гэж Монголын үе, үеийн төрийн тэргүүн өмнөд, хойд хөршийн удирдагчдаас хүссэн. Олон Ерөнхий болон салбар хариуцсан сайд, элчин сайд “хөөцөлдсөн”. Монголчууд бараг 30 жил хөөцөлдсөн гэж ярьдаг. Хоёр хөршийн удирдагчид 2019 онд улс төрийн шийдвэр гаргаж, Монголын нутаг дэвсгэрээр дамжуулахыг зөвшөөрснөөр энэ төслийн судалгааны ажил эхэлсэн билээ.

“Газпром” НХН-ийнхэн байгалийн хий дамжуулах хоолойгоо Булган аймгийн нутгаар дамжуулан, Улаанбаатарын баруун талаар барих санал гаргасан гэдэг. Харин Засгийн газар хийн хоолойг Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон төмөр замын гол шугамаа дагуулан бариулах санал гаргажээ. Оросын тал зөвшөөрч, энэ маршрутын дагуу хийн хоолой барихад санхүүгийн хувьд үр ашигтай, эсэхийг тодорхойлсон хэрэг. Санхүүгийн хувьд үр ашигтай нь тодорхой болсон учраас оросууд дараагийн ажлаа хийх санаачилга гаргаж байна. Тодруулбал, гарын үсэг зурсан тэмдэглэлд байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэснээс гадна инженерийн нарийвчилсан судалгаанууд болон хий дамжуулах хоолойн барилга, байгууламжуудын зураг төслийг 2022-2023 онд гүйцэтгэхээр тусгажээ. Хэдийгээр улс төрийн шийдвэр гаргасан ч эдийн засаг, санхүүгийн үр ашиггүй байсан бол энэ төслийг хэрэгжүүлэхэд бэрх. Монголын нутгаар дамжуулах нь илүү үр ашигтай нь тодорхой болсон учраас төслийн судалгаа дараагийн шатандаа шилжиж байна. Байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулна гэсэн шийдвэрт эргэлзэж байсан хүмүүс бий. Тэгвэл техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулснаар хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрт барих болов уу, яах бол гэсэн эргэлзээг нэгмөсөн тайлав. Өөрөөр Монгол Улсын олон жил тууштай баримталсан бодлого, зорилтын үр дүн гарч байна гэж дүгнэж болно.

Шадар сайд С.Амарсайхан тэмдэглэлд газрын үсэг зурах ёслолын үеэр “Энэхүү байгалийн хий дамжуулах хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд талуудын хүчин чармайлтын дүнд амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын хувьд харилцан ашигтай, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах том бүтээн байгуулалт болно гэж Монголын тал итгэл дүүрэн байгаа” хэмээжээ.
Монгол Улс нутаг дэвсгэртээ хийн хоолой бариулахаас гадна Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн төмөр замыг өргөтгөн хос болгох, авто тээврийн олон улсын зам барих “Талын зам санаачилга” гаргасан. Эдгээр төслийг хэрэгжүүлэх бодлого, зорилтоо Монголын төр баримталсаар байгаа. Гол төмөр замаа өргөтгөж, баруун, зүүн коридорыг нь шинээр барьж, олон улсын тээврийн авто зам тавьснаар манай улс ОХУ, БНХАУ төдийгүй Ази, Европыг холбосон транзит тээврийн суваг болно. Хийн хоолой барих төслийн зам шуударснаар Монгол Улс ОХУ, БНХАУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны нэг хэсэг болох эхлэл тавигдлаа.

Өндөр хүчин чадалтай эдийн засагтай хоёр хөршийнхөө хамтын ажиллагааны нэг хэсэг болсноор Монгол Улсын орлого нэмэгдэж, санхүүгийн хувьд хожно. Мөн бүс нутагтаа байр сууриа бэхжүүлэхэд тустай нь дамжиггүй.

Сибирийн байгалийн хийг Хятадын хүн ам олноор төвлөрсөн томоохон хотууд руу нийлүүлэх хамгийн дөт зам нь Монгол Улс. Сибирээс олборлосон байгалийн хийг дамжуулах хоолой Монголын нутаг дэвсгэрт 960 км үргэлжилнэ. Хэрэв Сибирийн байгалийн хийг Манжуур, эсвэл Шинжаан-Уйгураар дамжуулж, Бээжин хүргэвэл хэдэн мянган км урт дамжуулах хоолой барих шаардлага үүснэ. Маш их хөрөнгө оруулалттай, зардал өндөртэй төсөл болно. Тиймээс ашиг багатай. ОХУ, БНХАУ-ын холбосон эдийн засаг, худалдааны суваг болоход Монгол Улсын газар зүйн байршил маш том давуу тал болдог. Энэ давуу талаа орлого олох, жижиг улсаа өөд нь татах боломж болгож ашиглаж байгаа нэг хэлбэр хий дамжуулах хоолойг нутаг дэвсгэртээ бариулж буй явдал.

Нийтлэлийн эхэнд хий дамжуулах хоолойн төсөл улсын төсөвт “Оюутолгой”-гоос дутахгүй орлого оруулах талаар дурдсан. “Оюутолгой” төслийн гүний уурхайг ашиглалтад оруулснаар улсын төсөвт оруулж буй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь гурав дахин нэмэгдэх гэнэ. Тодруулбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт жилд 700 тэрбум төгрөг төлдөг болох аж. Энэ бол “Оюутолгой” компанийн төлдөг гол татвар. Өртэй учраас аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөггүй. Тэгэхээр тус компани жилд нэг их наяд орчим төгрөгийн татвар төлөх болов уу.

Тэгвэл байгалийн хий дамжуулах хоолойг нутаг дэвсгэртээ бариулсныхаа төлөө Монгол Улсын Засгийн газар жилд хамгийн багадаа нэг тэрбум ам.долларын төлбөр авна. Өдгөөгийн улсын төсвийн зарлагын 20 хувьтай тэнцэх мөнгө гэсэн үг. “Оюутолгой”-н төсөвт оруулах орлогоос 2-3 дахин их байх нь.

Оросууд судалгаагаа эцэслэснээс хойш хийн хоолойг хоёр жилд багтаан барих төлөвлөгөөтэйгөө манай талд дуулгажээ. Тэгэхээр 2025-2026 онд төслийг ашиглалтад оруулна гэсэн үг. Төслийн барилгын ажилд 12 мянган хүн оролцох юм байна. Үүнийг 20 хувийг Монголоос авч ажиллуулах гэнэ. Төслийг ашиглалтад оруулсны дараа нийт ажилчдын 50 хувийг монгол хүнээр бүрдүүлэх юм байна. Төсвийн орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгохоос гадна монголчуудад газ ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэх боломж олгох, цаашлаад төлбөрийн тэнцлийг ашигтай гаргах, валютын ханшийг тогтворжуулах том нөлөөтэй мега төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тэмдэглэлд хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн ахлагч нар гарын үсэг зурснаар хэрэгжүүлэх нь эргэлзээгүй, тодорхой боллоо.

 

Сэтгүүлч Т.Энхбат

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?