Тэнгэр Говь

0
Ши. Мөрөн гуайн бичсэн Монгол үндэстний эрэлхэг хөвгүүдийн нэг, монголчуудынхаа үндэсний эрх чөлөө, тусгаар байдлын төлөө тууштай тэмцэж, үндэстнээ нэгтгэн их Монгол улсаа сэргээн байгуулахын төлөө бүхий л амьдралаа зориулсан Дэ ван хэмээх Дэмчигдонровын тухай нэгэн өгүүллийг өргөн барьж байна. Өгүүллийн эцэст бяцхан тайлбар зэргийг мөн оруулав.
Ши.Мөрөн. (席慕容)
Тэнгэр Говь
Найз нараа, энд өгүүлэх түүх бүр хүүхэд наснаас минь улбаатай билээ. Манайх Хонг Конг-д аж төрөн сууж байсан үе. Ням гараг болгонд аав минь хамгийн бага гурван хүүхдээ дагуулан явж кино үзнэ. Манайхаас холгүй, тэнгисийн хойг дахь гудамжинд орших “Дорно дахин театр”-т ихэвчлэн Диснэй-н хүүхдийн кино үзүүлдэг байлаа. Хааяа нэг вестерн кино гарна. Бага дүү маань нэгэнт ойлгохгүй болохоор киногоо үзээд л сууна. Харин дүү бид хоёр киноны баатрыг “манай талын хүн” эсвэл “дайсны талын хүн” болохыг мэдэж байж үзэж эхэлдэг сэн. Кинонд шинэ дүр гарч ирэнгүүт “Энэ манай талын хүн үү?” гэж ааваасаа асууна. Хариултаа сонсож байж л киногоо цааш үздэг байлаа. Гэтэл киноны явцад “манай талын хүн”-ий үнэн царай илрэнэ. Тэр даруй аав маань надад “дайсны талын хүн” байжээ гэхэд би дэргэд суугаа охин дүүдээ дамжуулан шивнэнэ.
Хэдийгээр киногоо цааш үргэлжлүүлэн үзэх ч тэрхэн хугацаанд бүгдийг ухаарч чадахгүй харин хэн нэгэн хүнд хууртсан мэт сэтгэл гонсойдог байж билээ. Үзэж буй киноны өрнөл төгсгөл үед оргилдоо хүрнэ. “Манай талын хүн” дайсны ов мэхэнд автан гарцгүй болж эцсийн хүчээ шавхан тэмцэлдэнэ. Яг энэ үед манайхан ирж яваа нь дэлгэцнээ үзэгдэх ба тэртээ тэнгэрийн хаяанаас олон морьт цэргүүд туг далбаагаа намируулан уухайлан айсуй. Хэдхэн хормын өмнө “манай талын хүн”-ийхээ төлөө сэтгэл түгшин зовинож байсан хүүхдүүд хөөр баяр болон алга ташин орилолдоно. Цэрэг эрс дөтлөх тусам морьдын төвөргөөн, хөгжмийн хэмнэл улам өндөрсөх ба бяцхан үзэгчдийн сэтгэл даган хөөрч эгээ л морьт цэргүүд адил бие зүрхээрээ урагшаа тэмүүлнэ. Амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа “манай талын хүн”-ээ аврахын төлөө тэр шүү дээ. Кино манайхны ялалтаар төгсөнө. Тиймээ хүүхэд байхад аавтайгаа үзсэн кино бүхэн сайхан төгсгөлтэй байж билээ.
Аав минь сүүлийн хорь гаран жил гадаад оронд сууж тэндээ багшилж байгаа билээ. Бид хэд аавтайгаа байнга уулздаг байсан ч эргэн бодоход хангалттай биш байжээ. Хонг Конг-д байхдаа аавтайгаа хамт кино үзэж байснаас хойш дахин тийнхүү яваагүй санагдана. Аав маань төд удалгүй явж, Герман улсын нэгэн их сургуульд монгол хэл зааж эхэлсэн бөгөөд монголын түүх, өв соёлын талаар судалгаа хийх болов. Гадаад оюутан залууст монгол хэл бичгээ олон жил зааж сургасан аав минь өөрийнх нь үр хүүхдүүд монголоор ярьж бичиж чадахгүй болсныг хараад сэтгэл зүрхэндээ яасан их шимшрэн харууссан бол. Биднийг цугларан уулзах үед аав минь төрөлх нутгаа дурсан ярьж, монгол уг гарлыг минь мартуулахгүйн тулд байнга сануулдаг байсан. Шөнө дөлөөр зөөлөн хивсэн дээр суугаад хайрт аавынхаа амнаас монголынхоо үлгэр домог, туульсыг шимтэн сонсож асан тэр хором үнэхээр аз жаргалтай цаг үе минь байж дээ. Тийм нэг үдэш би ааваасаа “Тэр сайн хүн байсан уу? эсвэл муу хүн байсан уу?” хэмээн шүүрс алдан асуусан юм. Тэр үед аав бид хоёр Монгол орны газрын зураг ширтэн зогсож байсан санагдана. “Тэнгэрийн, агуу элсэн манхан” утгатай тэр үгийн тодотголыг нанхиадаар “да”-том, “тиань”-тэнгэр алинаар нь орчуулбал оновчтой вэ? гэж ааваасаа мөн асуусан. Аав минь “Тэнгэр” гэдэг нь тэнэгэр, уудам гэсэн утгатай юмаа хэмээн хариулж билээ.
Аав газрын зураг ширтэнгээ:
-Сөнөдийн баруун хошуу энэ байна. Яг энд. Дэ ван эндээс тэр нэгэн жил Тэнгэр говь руу хөлгийн жолоо залсан юм хэмээн өгүүлэв.
Дэ ван. Энэ эрхэм алдар нэрийг олон удаа сонсож байсан. Тухайн үед хэдий хүүхэд байсан боловч томчуудын гойд содон илэрхийлэл бүхнийг анзааран мэдэрдэг байж билээ. Хүмүүс хэдий баяр хөөртэй байсан ч Дэ вангийн нэрийг дурсах төдийд бүгд дуугаа хураан дүнсийж саяхан сэтгэлийг нь эзэмдэн байсан баяр хөөрөө хүчлэн дарах мэт болдог байлаа. Дэ ван гэж ямар хүн байсан юм бол? Хүүхэд байхад энэ хүний тухай асуух сэдэл төрдөггүй байж. Харин энэ шөнө газрын зураг ширтэн зогсохдоо ааваасаа “Дэ ван гэж ямар хүн байсан юм бэ?” хэмээн шууд асуусан.
Дэ ван. Бүтэн нэр нь Дэмчигдонров. Их Эзэн Чингис хаанаас нааш 30 дугаар үеийн үр сад. Манжийн Бадаргуулт төрийн 28 онд мэндэлжээ. Эцэг Намжилванчиг нь Шилийн голын чуулганы дарга бөгөөд Сөнид баруун хошууны засаг төрийн дүүрэн жүн ван. Ийнхүү өгүүлээд аав минь 1949 онд Тэнгэр говьд болж өнгөрсөн нэгэн эмгэнэлт түүхийг ярьж өгсөн юмаа.
Бүхий л насаа монгол үндэстний эрх чөлөө, нэгдсэн их Монгол улсаа байгуулахын төлөө зориулсан Дэ ван Бүгд Найрамдах Улсын 38 дугаар оны намар гэхэд хятадын улаан коммунистуудад шахагдаж эхэлжээ. Тиймээс Дэ ван үнэнч ноёд, үлдсэн цэргээ дагуулан уудам цэлгэр тал нутгаа туулсаар Тэнгэр говьд хүрэлцэн ирсэн байна.
Дэ вангийн цэрэгт Сөнөд баруун хошууны малчин ард төдийгүй Өвөр Монголын олон аймаг хошуунаас хүмүүс ирж нэгдэн орсоор байжээ. Тэр үеийн нөхцөл байдлын золиос болон хууртагдаагүй бол Дэ ван цэргийн хүчээ зузаалж аваад улаан хятадын эсрэг эцсээ хүртэл тэмцэх байлаа. Жилийн дөрвөн улиралд өвсний соргог, усны тунгалгийг эрхэмлэн хүсэл зоргоороо нүүдлэгч монголчууд төрөлх нутгаа эрхэмлэн оршин суусаар өдий хүрсэн. Нүүдэлчин монголчуудын хэн нь ч төрөлх нутгаа үүрд орхин явахыг хүсэхгүй. Дэ ван ч хүсээгүй. Тэрээр төрөлх тал нутагтаа эргэн очино, очихдоо эрх чөлөө хэмээх аз жаргалыг авч очихоор зорьж байсан билээ.
Эцэс төгсгөлгүй элсэн далай. Говь цөлд монгол хүн л зохицон амьдарч чадах бөгөөд зах хязгааргүй элсэн далайг хэрэн нааш цааш нүүхэд нь зориулан бурханаас заяасан хөлөг нь бий. Тэнгэр говь. Дэ ван улаан хятадын мөрдлөгөөс дайжиж чадлаа.
Аюул заналхийлэл тэртээ хоцорчээ. Их говийг туулж чадвал Хөх нуураар дамжин Төвөд орох зам нээгдэнэ гэсэн үг. Төвөдийн цаана зорьж тэмүүлсэн эрх чөлөөт улс нь бий. Хачирхалтай нь Тэнгэр говийг гатлан явахдаа Дэ ван хөлгийн жолоог гэнэт өөр тийш залсан юм. Хойд зүг, Ар Монголын зүг. Дэ вангийн итгэл, хайр, дэмжлэгийг хүлээсэн нэгэн ач хүү нь түүнийг улаантнуудад худалдсан байжээ. Тэр ач хүүг нь Алтан-Очир гэдэг. Тэрээр “Зам мухардлаа. Хаашаа ч явсан найдваргүй. Цорын ганц авралын зүг бол умар зүг, Халх Монгол” хэмээн ухуулсаар Дэ вангийн бодлыг тийнхүү өөрчилж дөнгөсөн байжээ. Дэ ван 1949 оны 9 дүгээр сарын 20-нд Сөнөд баруун хошууны нутгаа орхин гарсан юм. Тэнгэр говийн элсэн манханг гэтлэн явсан нь 11 сарын эцэс, 12 сарын эхэн дүн өвлийн жавар хайрсан үе байжээ. Алтан-Очир арга сэдэн Дэ ванг Ар Монголын төлөөлөгчидтэй хэд хэдэн удаа уулзуулж чадсан байна. Тийнхүү Дэ ван нэг л өглөө умар зүг хөлгийн жолоо залахыг цэргүүддээ тушаажээ.
Дэ вангийн энэ шийдвэр алдаа байсан уу? Тэр үед үнэнч нөхөд нь ч бодолцсон байх. Таньж мэдэхгүй өрнө зүгийн улс орноос, Чингис хааны үр сад болох монголчуудын нэг хэсэг мах цусны тасархай нь оршин суугаа тэр нэгэн улс сэтгэлд нь яавч халуун дулаан байх нь эргэлзээгүй шүү дээ. Дэ ван тийнхүү Алтан-Очирын ятгалганд автан Нинша-гаас хөдлөн явсаар Ар Монголд хүрэлцэн ирээд Улаанбаатар хотод аяны дөрөө мулталжээ. БНУ-ын З8 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Дэ ван болон түүний ойрын хүмүүсийг баривчлан хорив.
Тэр үед Ар Монголын Төр үнэхээр монголын ард түмний төр байсан уу?… Улаан Орос бүхнийг эзэрхэн дур зоргоороо авирлаж байсан бус уу. Алтан-Очир тэдэнтэй бүр эртнээс сүлбэлдэн Дэ ванг мэхлэн Ар Монголд ирүүлэх зорилготой байжээ. Хүндлэн дээдлэж, ая тал засаж байснаа гэнэт баривчлан хорих нь тэр. Баривчлагаас нэг ч хүн мултарч чадсангүй. Зовлон бэрхшээл хангалттай туулан тэртээ алсаас Монголоо зорин ирсэн Өвөр Монгол цэргүүдийг бүгдийг нь хорьжээ. Өршөөл энэрэл үгүй.
БНУ-ын 39 дүгээр оны есдүгээр сарын 18. Нүдийг нь битүүлэн боож, гарыг ард нь хүлсэн Дэ ванг гяндангаас гаргаж Бээжинд хүргэн улаан хятадад тушаав.
-Хятадын эв хамт нам Дэ ванг Монголоос шаардсан юм. Түүнийг гурван хүний хамт хүргэж өгчээ. Харин цэргүүд нь Ар Монголд үлдсэн. Тэр цэргүүдийн тухай ямар ч мэдээлэл байхгүй, агаарт замхарсан утаа адил огт ор мөргүй, аавыг ийн өгүүлэхэд би “Дэ ван сайн хүн байсан уу? эсвэл тааруу нэгэн үү?” хэмээн яаран асуусан юм. Сэтгэл минь нэг л гонсгор тавгүй. Хүүхэд байхдаа аавыгаа налан суугаад элдвийг шалгаан асуудаг байсан шигээ тийнхүү асуусан. Ороо бусгаа, амаргүй хүнд тэр цаг үед Дэ ван чухам ямар хүн байсан юм бол? Ойлгож мэдэхийг яасан их хүснэ вэ. Дараа нь өрөвдөх, өширхөх хоёроо зүрх сэтгэл минь шийднэ бизээ. Үйл хэргээс нь ойлгон таньж болно шүү дээ. Аав минь тамхиа нэрэн хэсэг дүнсийж байснаа,
-Дэ ванг “үндэстний үзэлтэн” төдийхнөөр өнгөц дүгнэж болохгүй билээ гээд үргэлжлүүлэн ярьж эхэлсэн юм. Аавын хариулахыг сонсоод өөрийн эрхгүй нулимс минь асгарав. Зүрхний минь угаас урсах харууслын бүлээн нулимс. Ийнхүү бүх зүйл ойлгомжтой болов. Хүүхэд наснаас сонссон бүдэг бадаг зүйлс, энд тэндээс уншсан ч эргэлзээ дагуулсаар байсан бүхэн тодорхой боллоо. Сэтгэл минь шимшрэнэ. Уйлахаас өөр яах ч билээ.
Эрхэм найз минь эргэцүүлэн бодоод үз дээ. Хүнд хэцүү тэр цаг үед амьдрал, амь насаа золиослон монгол үндэстнийхээ төлөө зүрхлэн босно гэдэг үнэхээр хатан зориг мөн. Түүний эх оронч халуун сэтгэл, эр зориг, чин хүсэл мөрөөдлийг эргэн харахад бишрэн хүндэтгэж, хайрлан дээдлэхгүй байхын аргагүй. Хайр харууслын нулимсаа ч барих аргагүй билээ.
Дэ ван хэмээх Дэмчигдонров зургаан настай байхдаа Сөнид баруун хошууны засаг ноёнд өргөмжлөгдөн, 18 наснаасаа хошууныхаа бүх хэрэг явдлыг биечлэн эрхлэх болжээ. 23 насандаа Шилийн голын чуулганы дэд даргаар дэвшиж, хожим дарга нь болов. Сөнид баруун хошууны засаг Дэ ван 1930-аад оноос Өвөр Монголоо хятадын савраас чөлөөлөхийн төлөө зориглон тэмцэж, тусгаар тогтносон улсаа байгуулахын тулд махран зүтгэж эхэлсэн аж. Дэ ван бол Монгол үндэстнээ чин сэтгэлээсээ хайрладаг эх оронч, Монгол үндэстний баатар хөвгүүн байсан билээ.
Дэ ван эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн тал нутагтаа эрийн цээнд хүрэхийн хамт орчин цагийнхаа аливаа шинэ дэвшилт үзэл санааг голч болгон эх орныхоо эрх чөлөө, тусгаар байдлын төлөө бүхий л хүч чадлаа дайчилж эхэлсэн байна. 40 гарсан хойноо бусадтайгаа санал зөрөлдөн, эрх мэдэлдээ эрдэн алдаж оносон үе түүний амьдралд бий. Гэхдээ Дэ ван өөрийнхөө амьдралаар салхич шонхор болон харийн дарлалд байсан тал нутгийн монголчуудынхаа хүсэл эрмэлзлэлийг тунхаглан түүнийхээ төлөө амь насаа зориулсан билээ. Тиймэс монголчууд бид үндэстнийхээ эрхэм энэ хүнийг хүндэтгэн дурсаж, хайрлаж явах ёстой юм.
Халуун эх оронч энэ хүн монголчууд төрөлх нутагтаа эзэн болж, хэл соёлоо хадгалан, үндэстний зан заншлаа эрхэмлэн амьдрахыг л шаардсан билээ.
Ар Монголд эрхшээлээ тогтоосон улаан зөвлөлт маягийн төр, хятад даяар дарангуйлалаа бэхжүүлсэн Хятадын коммунист засаглал аль алинд нь Дэ вангийн тэрхүү зорилго тэмцэл “эсэргүү” хэрэгт тооцогдон түүнийг ямар нэг аргаар баривчлан, даран сөнөөхөд хүргэсэн юм.
-Ар Монголд Дэ вангийн морьт цэрэг тэр чигээрээ үлдсэн. Дөрөвхөн хүнийг Бээжинд хүргэн тушаасан гээд аав минь яриагаа цааш үргэлжлүүлэв.
-Бээжинд хүргэгдсэн Дэ ванг улаан хятадууд тарчлаан байцааж эцэст нь өдөр бүр дэглэн зовоох чанга дэглэмтэй улс төрийн хориглуудын гянданд 13 жил тамлаад сулласан юм. БНУ-ын 52 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Дэ ванг Өвөр Монголын улс төрийн зөвлөлийн харьяа түүх соёлын хүрээлэнд ажилд оруулжээ. Гэвч хэдэн жилийн дараа 1966 оны зургадугаар сарын дөрөвний өдөр10 Хөх хотод нас барсан.
Аав минь хэсэг чимээгүй болов.
-Зарим нэг зүйлийг би мэдэхгүй. Германд очоод мэдэх хүмүүсээс асуун тодруулж болох байх. Архивийн бичиг баримтаас үзэхэд Дэ ван нас барахаасаа өмнө номын санд ажиллаж байсан бөгөөд тэнд цэвэрлэгч хийж байсан сурагтай.
Нулимс минь хацар даган урссаар. Ямар эмгэнэлтэй, харуусам төгсгөл вэ. Найз минь би чамаас асууя. Орчлонд өр өвтгөсөн ийм төгсгөл өөр бий гэж үү? Үр хүүхэд, хойч үе бидэндээ зовлон зүдгүүргүй, мөрөөдлийн тэр цаг үеийг өвлөн үлдээхийн тулд эцэг өвгөд маань амь биеэ огоорон тэмцэж явсны учир чухам юунд оршино вэ? Өнөөгийн өндөрлөг дээр жинхэнэ бодит үнэнтэй нүүр тулсан ахмадууд маань “хүслээр болдоггүй хяслант хорвоо” хэмээн аргаа баран бидэнд учирлах аж.
Аав минь дээ. Тэнгэр говьд амь тэмцэн дутаан явсан Дэ ванд гаднаас туслах хүч үнэхээр байгаагүй гэж үү? Хөлгийн жолоогоо хойд зүгт залах үед нь тэр жигшүүрт хуйвалдааныг илчлээд өгөх хүн байсангүй юу? Ар Монголд баригдан, хятадад арав гаруй жил гянданд сууж байхад нь дээд тэнгэрээс ямар нэг боломж хайрласангүй гэж үү? Эрслэн босч, эрэлхэгээр тэмцэхэд нь Дэ ванг дэмжин туслах арга чарга байгаагүй гэж үү? Ганцхан удаагийн алдаа дээр нь дөрөөлөн нэгэн цаг үеийн тэнгэрлэг тэр хүнийг гянданд насаар нь хорьж, тарчлаан зовоож эцэст нь орь ганцаар амиа алдахад нь хүргэх ёстой байсан гэж үү?
-Нөгөө ач хүү нь яасан бэ?
-Ар Монголд очоод сураггүй болсон.
Аав минь цааш ярьсангүй. Шөнө орой болжээ. “Сайхан амраарай, аав минь”. Эцэг минь гаанстай тамхиа нэрэн бодолд дарагдан суусаар үлдлээ.
Нөхөр минь аль хэдийн унтжээ. Өглөө хичээлтэй тул сэрээчихгүйг хичээн сэмээрхэн дэргэд нь хэвтлээ. Нойр минь хулжжээ. Түрүүхэн харж зогссон газрын зураг, Монголын зах хязгааргүй өндөрлөг тал нутаг, элсэн манхан, Тэнгэр говь бодолд минь үзэгдэн сэтгэл зүрх эзэмдэв. Түнэр харанхуй энэ шөнө орчинд нам гүм…
Цагаан хэрэмнээс цаахан үргэлжлэх Монголын элсэн манхан. Нүүр нүдгүй шилбүүрдэх элсэн шуурга сөрөн морьт цэргүүд урагш тэмүүлнэ. Тийнхүү харанхуй өрөөнд хэвтэж байтал тэр элсэн шуурга Дэ вангийн эцсийн зүүдэнд үзэгдсэн болов уу? гэсэн бодол зурсхийн орж ирлээ. Дэ ван өөд болохоосоо өмнө Тэнгэр говио зүүдэлсэн болов уу?
Тэнгэр говийн элсэн манханд зээ дүүгийнхээ ятгалганд автаж хөлгийнхөө жолоог хойд зүгт эргүүлэх үест нь холч бодол, хатан зоригтой хэн нэгэн шийдвэрийг нь буруушаан цааш баруун зүг үргэлжлүүлэн явахыг уриалж байсан болов уу хэмээн бодогдоно.
Шингэх нарны туяанд Тэнгэр говийн элсэн манхан алтлан шаргалтана. Дэ ван хувь заяаг нь шийдвэрлэх салаа замын эхэнд иржээ. Тэнгис далай мэт дуниартах Тэнгэр говь шаргал өнгөөр туяарна. Шөнө элсээр шуурч, голд ортол хүйтрэв. Эх оронч эрсийн өөдөөс говийн угалз босов уу гэлтэй нарийн элс нүүр нүдгүй шуурч байлаа. Элсний нарийн ширхэг дээл, гуталд шурган, арьс маханд шигдэнэ. Дэ ван тэрхүү салаа замын эхэнд хувь заяаныхаа хөтөч болгон аль замыг сонгохоо шийдэж ядан зогсоно…
Маргааш өглөө нь Дэ ван чиглэлээ өөрчилж хойд зүг хөдлөхийг тушаав. Нөхөд нь хэдий санал нйлэхгүй байсан ч хайртай удирдагчаа дагахаас өөр сонголт байсангүй. Тэд бол Дэ ванд хязгааргүй үнэнч, хэрэгцээ гарвал түүний төлөө амь насаа өгөхөөс ч буцахгүй нөхөд нь байсан билээ.
Толгойд түмэн бодол эргэлдэнэ. Улаантнуудын занганд орсноо мэдээд Дэ ван хамгийн түрүүнд итгэлт нөхөд, цэргүүдийнхээ төлөө санаа зовсон нь лавтай. Цэргүүдийнхээ итгэл алдран цөхөрсөн харцыг хараад Дэ вангийн зүрх ямар их шимшрэн өвдсөн бол?
Шандас хурдан мориороо мянган бээрийг туулан, түмэн бэрхшээлийг сөрөхдөө хоёргүй сэтгэлээр үнэнч байсан цэргүүдийнхээ төлөө Дэ вангийн сэтгэл хамгийн ихээр зовсон байх. Тэд өөрт нь итгээд сүйрлийнхээ зам руу хөлгийн жолоо залсан билээ. Тиймээс халуун эх оронч, эрэлхэг баатар Дэ ванг хамгийн их эмзэглүүлж, сэтгэлийг нь тарчлаасан зүйл цэргүүдийнх цаашдын хувь тавилан байсан биз ээ.
Найз минь, тэр их зовинол харууслын дэргэд өнгөрсөн амьдралдаа даван туулсан зовлон, харгислал, сэтгэлийн шаналгаа, бүтэлгүйтсэн их хэрэг зэрэг нь Дэ ванд юу ч биш мэт санагдаж байсан байх даа. Хэрэг явдал нэгэнт тийнхүү эргэсэн болохоор цаашид ямар ч доромжлол гүтгэлэг тулгарсан Дэ вангийн хувьд тэр нь утга учиргүй хийгээд түүний сэтгэлд нөлөөлж чадахааргүй болоод байсан биз ээ.
Найз минь, бүх зүйл тодорхой боллоо. Манай Монгол үндэстний эрэлхэг хүү аль эрт амьдрал сэлгэсэн байна. Дэ ван Улаанбаатар хот, Бээжингийн шорон, Хөх хотын эмнэлэгт нас бараагүй. Үнэндээ алс тэртээ Тэнгэр говьд амь насаа алдсан байна. Бүтэлгүй хүнд итгэж, цайлган цагаан сэтгэлээр зорьсон зүгээ өөрчлөн хөлгийн жолоо эрүүлсэн тэр мөчид Тэнгэр говьдоо уусан шингэсэн байна.
Өгүүлэх гэсэн бүхэн минь үүгээр өнөдрлөг. Гэтэл энэ шөнө дөлөөр сэтгэлийн минь гүнд нууцхан хүсэл тэмүүлэл дүрэлзсээр байх нь хачирхалтай.
Анд найз минь, үлгэр мэт энэ өгүүллээ огт өөрөөр төгсгөе. Манай үндэстний баатар, эх оронч Дэ ван амьд байгаа хэмээн төсөөлье. Тийнхүү төсөөлж болохгүй гэж үү? Яагаад болохгүй гэж.
Тиймээ, бидний Монгол үндэстний эрэлхэг эх оронч Дэ ван амьд. Дэ ван монгол хүн бүрийн зүрхэнд, эх нутгийн маань түүх бичвэрт мөнхөд дурсагдсаар байна.
Тэнгэр говийг морь, тэмээгээр туулахдаа, Тэнгэр говийн учир явдлыг сонсох монгол хүн бүр Дэ ван хийгээд түүний эрэлхэг цэргүүдийг санан дурсах болно.
Алтан наранд шаргалтах зэрэглээт их элсэн манхан, хуйлран довтлох элсэн шуурга, Далай мэт Тэнгэр говь даяараа манай Монгол үндэстний эрэлхэг хөвгүүн, эх оронч Дэ вангийн нэрийг алдаршуулсаар байх болно.
Анд найз минь, хүслээр болдоггүй хяслант хорвоо бидний хүссэн сайхан төгсгөлийг зөвшөөрөөгүй учир яая гэхэв. Өөрсдөө л сэтгэлээ тайтгаруулан төсөөлөн өөрчилөхөөс.
Ардын минь үлгэр домогт өгүүлэгдэх аливаа сайхан бүхэн монголчуудын маань хүсэл мөрөөдөл байдаг болохоор бидний энэ төсөөллиййг ч ойлгон өршөөх биз ээ.
1 “Да”-хятадаар (大)том, их, агуу гэсэн утгатай.
2 “Тиань”-хятадаар (天)тэнгэр.
3 Манжийн Бадаргуулт төрийн 28 он гэдэг нь 1902 он болно. Ши.Мөрөн гуай нийтлэлдээ Дэ ванг 1902 оны 2 сарын 8-нд төрсөн гэжээ. Харин Захчид Сэцэн гуай 1902 оны 2-р сарын 22-ны өдөр төрсөн гэж бичиж үлдээсэн (Захчид Сэцэн “Миний мэддэг Дэмчигдонров ноён бөгөөд түүний үеийн Өвөр Монгол”. Хөх хот. 2007. Хуудас 9) байдаг.
4 Бүгд Найрамдах Улсын 38 дугаар он бол 1949 он болно.
5 Алтан-Очирыг Ши.Мөрөн гуай Дэ вангийн ач хүү хэмээн бичжээ. Манай түүхч Д.Зоригт Алтан-Очирыг Дэ вангийн дүү гэж бичсэн байдаг (Д.Зоригт “Дэ ван”. Улаанбаатар. 2011. Хуудас 248).
6 БНУ-ын З8 он-1949 он.
7БНУ-ын 39 он-1950 он.
8 Энэ гурван хүн бол Насанбуян хэмээх Ли Шоусинь, Шинуудондов, Буяндэлгэр нар болно.
9 БНУ-ын 52 он-1963 он.
10Ши.Мөрөн гуай Дэ ванг 1966 оны зургадугаар сарын дөрөвний өдөр нас барсан гэжээ. Харин Д.Зоригт 1966 оны 5-р сарын 23-ны өглөө таалал төгссөн гэж бичжээ (Д.Зоригт “Дэ ван”. Улаанбаатар. 2011. Хуудас 330).
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?