Ц.Бат-Эрдэнэ: Гэр хорооллыг Олон улсын тусламжаар шахам дэд бүтэцжүүлэх бүрэн боломж байна

0

Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Мишээл экспо” төвд “Барилга экспо” үзэсгэлэн яармаг болсон. Энэ үеэр “Hybrid House” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ оролцож, “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц” сэдвээр илтгэл тавьсан билээ. Энэхүү илтгэлийг ярилцлага хэлбэрээр хүргэж байна.

-“Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц” гэдэг сэдвийг хүн бүр сонирхдог болж. Та өөрийн хэрэгжүүлж буй “Hybrid House” төслийн онцлогийн талаар мэдээлэл өгөөч?

-Манай төсөл нарны илчийг өмнө нь байрлуулсан шилэн гонхонд шингээгээд, дулаанаа бага багаар гэр рүүгээ оруулдаг системтэй байшин. 100 метр квадрат хүртэл байшинд ямар нэг нэмэлт халаагуур шаардлагагүй. Зөвхөн нарны гэрэл болон гэр доторх цахилгаан хэрэгсэл, хүний биеийн дулаанаар халдаг. 100-гаас дээш метр квадрат талбайтай бол багахан хэмжээний дулааны өдөөлтийг өгөөд л халдаг системтэй. Маш нягт дулаалгатай, агааржуулалтын сайн системтэй байшин.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц юунд хэрэгтэй юм. Яагаад ийм төсөл Монголд хэрэгжих боломжтой вэ гэдэгт илүү ач холбогдол өгч ярья. Мөн энэ төслийг түгээн дэлгэрүүлж, хэрэгжүүлэхийн тулд юу хийж байгаа вэ гэдгээ ч онцолмоор байна. Манай улс нийтдээ 1000 гаруй л мВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Үүнээс 250 орчим мВт-ыг нь сэргээгдэх эрчим хүчнээс авдаг. Харин орой 17:00 цагаас хойш оргил ачааллын үед нар жаргачихаар сэргээгдэх эрчим хүчний систем ажиллахгүй. Ингээд л ОХУ-аас дутагдаж байгаа эрчим хүчээ авдаг. Цаашид орон сууц, амины хаусууд нэмэгдэх тусам л эрчим хүчний хэрэглээ өндөр болно. Тэр хэрээр манай улс эрчим хүчний хараат болж хувирна.

Манай улс эрчим хүчний үйлдвэрлэл талдаа маш их анхаардаг. Харин хэмнэлт талдаа огт анхаардаггүй. Хэрэглэх байсан эрчим хүчийг хэмнэнэ гэдэг үйлдвэрлэж байгаатай ялгаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгвэл халаалт шаардлагагүй байшин барина гэдэг чинь өөрөө эрчим хүчний том хэмнэлт. Улс оронд хэрэгтэй байгаа биз. Нөгөө талаар, та халаалтдаа зарцуулах мөнгөө ипотекийн зээлэндээ өгч болно. Энэ мэтээр давуу талуудыг нь яриад байвал маш их.

-Хүн бүр л маш гоё амины орон сууц, хаустай болохыг зорьж байна. Тэр дундаа эрчим хүчний хэмнэлттэй хаустай болчихвол бүр л давуу талтай. Гэтэл хүссэн болгон нь их хэмжээний мөнгө гаргаад, эрчим хүчний хэмнэлттэй хаустай болчих боломж бага байна. Хүртээмжээ нэмэгдүүлэх талаас нь хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Бид байшингынхаа технологийг бүх хүнд заагаад өгөх бүрэн боломжтой. Манайх байшингаа стандартад оруулж байна. Мөн манай байшин халаалт гэж цахилгаан зарцуулдаггүй, гал түлэх шаардлаггүй учраас хүлэмжийн хий ялгаруулдаггүй. Тийм учраас олон улсаас тодорхой хэмжээний нөхөн олговор авах боломжууд байдаг. Бид байшингийнхаа зураг төслийг хүмүүст өглөө. Иргэд яг тэр зургийн дагуу байшингаа барина. Барих явцад нь манай инженерүүд очиж үнэ төлбөргүй зөвлөж, хянаж өгнө. Барьж дууссаны дараа хэмжилт хийж үзээд, яг стандартын дагуу байвал “Hybrid House” гэдэг гэрчилгээ олгоно. Тэр гэрчилгээг авчихсан байхад байшин барьсан айлууд олон улсаас 20-40 сая төгрөгийн нөхөн олговор авдаг системийг бий болгох гээд явж байна.

Амины орон сууц барихад дэд бүтцийн шийдэлд хамгийн их зардал гардаг. Үүнийг төр шийдэж өгөх ёстой. Үндсэн хуульд хүн бүр тэгш амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн цэвэр, бохирын шугам, дэд бүтцийг Төрөөс хийгээд өгчихдөг. Тэгвэл яагаад гэр хороололд амьдарч байгаа иргэдэд хэрэгтэй дэд бүтцийн шийдлийг хийж өгөхгүй байгаа юм. Хийж өгөх ёстой, Төрийн үүрэг. Энэ чиглэлээр бид БХБЯ-тай хамтарч ажиллаж байна. Гэхдээ Төрөөс мөнгө гаргаад, энэ ажлыг хийнэ гэвэл маш их хугацаа шаардлагатай болно. Харин иргэд хэсэг бүлгээрээ нэгдээд, бичил цэвэрлэх байгууламжаа шийдээд, худаг усаа гаргуулаад, дэд бүтцийн шийдлээ зохицуулж болно. Тэр тохиолдолд төрөөс нөхөн олговор олгодог системийг бий болгохыг зорьж ажиллаж байна. Төр 50-80 сая төгрөгийн зардал гаргаж хийж буй ажлыг иргэдээс өөрсдөө хийвэл 20-30 сая төгрөгт багтаах боломжтой.

Бичил цэвэрлэх байгууламжийг нэг айл аваад тавихад 8-10 сая төгрөг. Гүний худаг ухуулахад 10 сая орчим төгрөгт багтана. Үндсэндээ 20 сая төгрөгөөр л тухайн айл дэд бүтцээ шийдэх бүрэн боломжтой. Тэгвэл энэ мөнгийг нь нөхөн олговор хэлбэрээр авдаг системийг бий болгохыг зорьж байна гэсэн үг. Та өөрийнхөө газар дээр ойролцоогоор 100 сая төгрөгөөр байшин барилаа гэж бодъё. Хүлэмжийн хий ялгаруулдаггүй байшин барьсан гээд “Олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн сан”-гаас 20 сая төгрөгийн нөхөн олговор авчих боломжтой. Цаашлаад дэд бүтцийн зардалд гаргасан 20 сая төгрөгөө Төрөөс нөхөн олговор байдлаар авчихна. Үлдсэн 60 сая төгрөгийг нь Уур амьсгалын өөрчлөлтийн сангийн 6-8 хувийн хүүтэй “Ногоон зээл”-д хамрагдаад, халаалтдаа зарцуулах байсан мөнгөөрөө зээлээ төлөх системийг бид бий болгохын төлөө ажиллаж байна. Яг тэр системийнхээ дагуу бид Дэнжийн-1000-д 7 айлын таун хаусыг бариад, энэ жил хүлээлгэж өгсөн. Цаашлаад бид НОСК-тай хамтраад, гэр хороололд илүү олон төслийг хэрэгжүүлнэ.

Ирэх жилээс бид технологио нээлттэй зааж өгөөд, Улаанбаатар хотын хамгийн том асуудал болсон гэр хорооллыг Олон улсын тусламжаар шахуу дэд бүтэцжүүлэх бүрэн боломжтой. Энэ жилээс төсөл хэрэгжээд явна.

-Та илтгэлийнхээ өмнө дулаалга, агааржуулалтыг маш сайн шийдсэн гэсэн. Агааржуулалтаа хэрхэн шийдсэн талаараа тайлбарлаж өгөөч?

-Манай байшингийн хамгийн том давуу тал бол агааржуулалтын систем. Байшинд хүн амьдрахад хүчилтөрөгчөө хэрэглэдэг. Мөн агааржуулалтын системээр гэрээс агаарыг сороод гаргачихдаг. Үүнээс үүдэлтэйгээр агаарын даралтын зөрүү үүсдэг. Цонх онгойлгохоор гадаа байгаа хүйтэн агаар шууд гэр рүү орж ирнэ. Тэр агаарыг халаахын тулд цахилгаан шаардлагатай болдог. Тэгвэл манай байшингийн технологи бол гаднах хүйтэн агаарыг маш бага багаар гэр рүү оруулдаг. Гэхдээ шилэн гонхныхоо ханаараа дамжуулж халаагаад, өрөөнүүд рүүгээ байнгын хуваарилдаг. Байшин руу үргэлж цэвэр агаар орно. Нөгөө талаар агаарын даралтын зөрүүг тэнцүүлдэг. Тиймээс хүн амьсгалсан агаараараа дахин дахин амьсгалахгүй. Байнга цэвэр агаараар амьсгалах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Мөн агаарын даралтын зөрүүг арилгаснаар хүйтэн агаар орж ирэхээ болино.

-Байшингийнхаа технологийн талаар товч мэдээлэл өгөөч. Хүмүүс хамгийн их сонирхож байгаа шүү дээ. Ямар дулаалга хэрэглэсэн болохоор халаалт шаардлагагүй болдог юм бол гэж бодох байх?

-Дулаалгын материалыг маш ихээр хэрэглэвэл барих зардал өндөр болоод, хүмүүс авч чадахгүй. Тиймээс байж болох хамгийн зөв зохистой дулаалгыг л бид хэрэглэсэн. Дотор нь агаарын үеийг хүртэл оруулаад, дулаалгыг хамгийн хямдхан байхаар шийдэж чадсан. Хөрсний дулаалгыг ч маш сайн хийсэн. Түүнээс гадна, нэг зүйлийг шийдсэн. Юу гэхээр, энгийн байшин хана руугаа дулаанаа шингээчихдэг. Харин манай байшин энэ мэтээр дулаан алдах нөхцлийг болиулсан. Хана, тааз гээд бүх талаасаа дулааныг буцааж түлхдэг системийг бид нэвтрүүлж чадсан. Энгийн байшин нарны гэрлээс цонхоороо дамжуулж л жаахан дулаан авдаг. Тэгвэл бид байшингийнхаа урд талын ханыг нарнаас дулаан авах боломжтой ханан пийшэн болгож чадсан. Нарны дулааныг мэдэрч, маш хурдан хугацаанд халдаг шавардлагын үеийг бий болгосон. Нар жаргатал дулааныг өөртөө шингээнэ. Түүнээс хойш 4 цагийн хугацаанд 1 градусаар л дулаанаа алддаг. Бүр тодорхой хэлбэл, шөнийн 21:00 цагт 22 градусын дулаантай байсан гэж бодъё. Өглөө нар гарах хүртэл энэ градус 18-19 болж л буурна гэсэн үг. Ийм л технологийн шийдлийг бид хийж өгсөн. Дээрээс нь нэмээд шилэн гонхноосоо маш их дулааныг авна.

Бас нэг том технологи нь бид халаах метр кубыг багасгасан. 2.7 метр өндөр таазтай 100 метр квадрат байшин байлаа гэж бодъё. Эзлэхүүн нь 270 метр куб агаар болно. Монгол хүмүүсийн дундаж өндөр 1.70 метр байдаг. Тэгвэл үүнээс дээш дулаан агаар байгаад байх хэрэггүй. Гэтэл энгийн байшин таазанд тултал маш их дулааныг хадгалдаг. Тэгвэл энэ дулааныг доошоо дарах системийг бид хийж өгсөн. Ингэснээр манай байшингийн шал 22 градустай байхад тааз 23-тай байдаг. Энгийн байшин бол шал 22 градусын дулаантай байхад тааз нь 30-тай байх жишээтэй. Энэ бол асар их дулааныг таазанд хүргэж алдаад байгааг харуулж буй хэрэг. Тэгвэл энэ их дулааныг шал руу татаж өгсөн технологийг л шийдээд өгчихсөн хэрэг.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?